Миний тэмдэглэл...

Бүх зүйл таны гарт...


Саяхан Сүхбаатарын талбай дээр “Бид ардчиллын хүүхдүүд” гэсэн нэртэй томоохон өдөрлөг болоод өнгөрсөнийг санаж байна уу? Тиймээ ардчилсан хувьсгал ялж 90 онд төрсөн хүүхдүүд маань өнөөдөр нэгэнт 18 нас хүрч эрийн цээнд хүрсэн том хүн болжээ.
Өнөөгийн манай улс орныг хөтөлж залж яваа зарим хүмүүс болон залуусаас би хувьдаа зөвхөн өнөө маргаашийг л аргацаан өнгөрүүлдэг “амьдралын үзэл” бодлыг харж байна. Тэрхэн зуураа амар сэтгэл хангалуун байвал болох нь тэр гэсэн сэтгэлгээ нь Монгол улсын ирээдүйн дур зургыг харанхуйлж байна. Түр зуурын ялимгүй юманд байдгаараа баярлаж ирээдүйн илүү их боломж бололцоогоо алддаг тийм л хүмүүс битгий олшроосой хэмээн би хүсдэг.
Ихэнх хүмүүс чи ямар нутгын хүү вэ? Гэж надаас их асуудаг. Миний үндэм угсаа халх, би Орхон аймагт төрсөн, Улаанбаатар хотод өссөн, Хөвсгөл аймагт ч амьдарч байсан, ээж минь Хөвсгөлийнх, аав минь Завханых би ямар нутгийн хүү гэж хэлэхээ үнэндээ сайн мэддэггүй юм. Гэхдээ би Монгол улсын иргэн. Энэ л надад хангалттай.
Хорвоо дэлхий дээр яг адилхан хүн гэж байдаггүй. Адилхан Хөвсгөл аймгийн аавын хүүхдүүд бүгд л далайд сэлдэг, бүгдээрээ сагсан бөмбөг сайн тоглодог, ном унших дуртай, хүнтэй амархан танилцдаг, найрсан наргианч байх албагүй тийм байх боломж ч үгүй шиүү дээ. Нэг нутгынх гэдэг нь дэлхийн зургаан тэрбум хол давсан хүмүүс дундаас тусдаа ялгарч буй хэрэг. Хүнийх нь хувьд хүндэтгэж, элэг нэгтэй, нэг довонд цугтаа өсөн гээд дотно найрсаг байх нь зүйд нийцэх билээ. Харин тэр ялгарах ялгааг нь үзэл болгон төлөвшүүлэх нь утгагүй хэрэг. Энэ нь Гитлер еврейчүүдийг Герман үндэстэн биш хэмээн гадуурахн яргалж байсан үеийн үзлээс өөрцгүй шүү дээ.
Манай энэ 2 сая 600 мянга гаруй хүн амтай Монголын эх газарт нутгархах хандлага гүнзгийрэх болсонд улс төрийн зүтгэлтнүүд болон ахмад үеийнхний хариуцлага их чухал гэж би боддог. Залуучууд нутгархах үзлийг ээж, ааваасаа юм уу ахмад үеийнхнээсээ өвлөдөг юм шиг ажиглагддаг. Манай ангид бараг 21 аймгийн оюутнууд байдаг. Тэдгээр оюутнууд маань хоорондоо найзархаг болж чаддаггүй. Аймгийнхаа таньдаг хүүхдүүдтэйгээ нийлж хичээл номоо давтаж байгаа харагддаг. Би сургууль дээрээ хааяа нэг зарлал харж явах зуур Завхан аймгийн оюутан залуучуудын уулзалт, Ховд аймгийн оюутан залуучуудын өдөрлөг гээд л өч төчнөөн нутгархсан зарлал элбэг байдаг. Энд тэндхийн тэмцээн уралдаануудад ч хүртэл нутгархдаг болсон нь миний сэтгэлийг их зовоож явдаг. Тэмцээнд оролцож буй тамирчдын оноо ойролцоо бол тэмцээний эцсийн дүн гарах мөчид тэмцээний ялагч гарцаагүй шүүгчид болох шийдвэр гаргагчдын нутгийн нэгэн аавын хүү ялагч болдог дүр зураг ажиглагддаг. Харамсалтай нь ихэнх хүмүүс үүнтэй бүр элэрчихсэн байх юм. Аргагүй аргагүй тэдний нутгийн хүү юм чинь тэгж л таараа... Эдгээр нь ямар ашиг тустай юм бэ? Хорвоод уламжилж үлдээх юмгүй болоод нутгархах гэгч харамсалтай өв үлдээх болсон юм гэж үү? Нэгдэн нягтрах, эе эвээ хичээх, ижилдэн дасах нь байтугай элэг нэгт Монголчууд бид хоорондоо сөргөлдөх, тэмцэлдэх, ялгаварлах муу зуршлыг өөрсдөдөө чирч авчирч байгаа хэрэг бус уу. Ардчилсан нийгэмд өсч торнисон, дэлхийн хөгжил дэвшилд хөл зэрэгцэн алхаж яваа залуучууд бид энэхүү хэнд ч хэрэггүй сэтгэлгээг хойч үеийнхэндээ өвлөж үлдээхгүйн тулд яг одооноос энэ бүдүүлэг сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй байна. Би юу? Би би гэдэг үгэнд дургүй би ганцаараа юуг ч бүтээж чадахгүй бид хамтарч байж Монгол улсын ирээдүй болох ХӨГЖИНГҮЙ МОНГОЛЫН шинэ дүр төрхийг бий болгож чадна гэдэгт итгэж байна.

Чадах ч ёстой.
Хүн бүхэн нийгмийн дунд өөрийн эзлэх байр сууртай. Зөвхөн хүн ч биш. Энэ хорвоод оршиж буй бүхий л зүйл өөрийн гэсэн байртай байдаг. Байх ёстой зүйл байрандаа байж л эмх замбараатай, амар амгалан тайван байдаг. Тийм ч учраас юм бүхэн өөрийнхөө байранд л байх хэрэгтэй. Хүмүүс бид өөрсдийн байх ёстой байраа эзэлж чадахгүй бол нийгэмд асуудал үүсдэг билээ. Байр болгоны цаана тодорхой үүрэг, чадвар байх ба хариуцах чадваргүй хүн уг байрыг нь эзэлчихвэл юу болох билээ. Бүх хүн математикч болох албагүй гэхдээ бүх хүн аав,ээж болно гэсэн үг байдгийг санаж байна. Хүн өөрийхөө авъяасгүй зүйлдээ хамаг хүч цаг заваа зараад хичнээн чармайн зүтгэсэн ч ямар ч амжилт гаргахгүй гэдгийг ойлгож байгаа биз дээ.
Харин өөрийнхөө дотоод авъяас чадварыг нээн илрүүлж өөрийнхөө авъяастай сонирхдог тэр зүйл дээрээ хамаг анхаарлаа төвлөрүүлж чадвал гарцаагүй амжилтанд хүрч чадна гэдэгт би итгэдэг. Хүн бүр өөрийнхөө нийгэмд эзлэх байр сууриа бэхжүүлж, байх ёстой байрандаа байж чадсан цагт нийгэм амар амгалан болно биз ээ. Залуучууд бид харин юу хийж явна аа юу хийж бүтээх ёстой билээ дээ.
Өнөөдрийн Монгол хүнийг монгол хүн гэж хэлэхэд эргэлзээтэй болжээ. Бид нэгэнт төөрч будилжээ, төрхөө эргэж олох хэрэгтэй юм шиг. Зуу зуун сүм хийд үнс нурам болж, түм түмэн билэгт хүмүүс маань хэлмэгдэж коммунизмийн хүчээр тулгасан үзэл суртлын дор зан заншил, уламжлалт сэтгэлгээ маань нухчин дарагдсан байна.
Хүнийг хүн байлгадаг зүрх сэтгэлийг ариун байлгадаг алтан аргамжаа маань хэврэгшжээ. Олон жилийн туршид хөгжиж буй болдог ард түмний дундах дэвшилтэд “үзэл сэтгэлгээ” гээч зүйлийг бид яаравчлан арвижуулах цаг үе ирээд байна. Уламжлалт Монгол сэтгэлгээгээ сэргээн амилуулж орчин үеийн хамгийн дэвшилтэт үзэл сэтгэлгээгээр сэргээгдэх замаар 21-р зууны “шинэ Монгол хүний” дүр төрх, амьдрах хэв маягийг бүрдүүлэх хэрэгтэй болоод байна. Ард түмний дундах сэтгэлгээний хөгжил нь тухайн үеийнхээ үсрэнгүй хөгжил дэвшлийг авчирдаг билээ. Монголд ядуурал газар авч ядуурлаар далимдуулсан галзуурал шуурга мэт босч байна. “Талх 800 төгрөг хүрч өдрийн талхаа яая гэж байхад чинь хулгай хийх нь аргагүй ээ” “Бидний авдаг цалин энэ хүнд хэцүү цаг үед хаанаа ч хүрэхгүй байдах илүү харж билүү долоохоос биш яахав”. Гэмт хэрэг, ёс суртахууны доройтол ядуу нийгэмд газар авдаг нь нотлогдсон энгийн үнэн. Гэхдээ үүнийг цаашид бүр хавтгайруулан хүлээн зөвшөөрч, ядууралд дулдуйдан “зөвтгөмгүй” санагдана. Нийгмийн энэхүү үзэл суртал энэхүү урагшгүй сэтгэлгээг өөрчлөхийн тулд манай оронд оюунлаг залуучууд их хэрэг болоод байна.
Дэлхийн нэгдзүгээр дайны дараахан еврейчүүдийн эсрэг үзэл санаа хүчээ авсан Америкийн өмнөд нутгийн хотод юм гэнэ. Бяцхан жаалууд нэгэн еврей оёдолчны гадаа шуугилдан “еврей, еврей” гэж орилолдон түүгээр доог тохуу хийцгээж байжээ. Энэ үеэр оёдолчин нэг арга бодож олсон байна. Тэрээр “намайг еврей гэж дуудаад байгаа хүүхдүүдэд 10 цент өгнө ” гэж амлав. Хүүхдүүд баяртайгаар орилолдож хүн бүр 10 центээ аваад харьцгааж гэнэ. Тэгээд дараагийн өдөр жаалууд дахин цуглалаа. Энэ удаад еврей оёдолчин, “өнөөдөр уучлаарай, 5 центээс илүүг өгч чадахгүй нь” гэж хэллээ. Хүүхдүүд мэдээж дуртай биш байсан авч ажлаа гүйцэтгэсэн. Гурав дахь өдөр нь оёдолчин “мөнгөний асуудал тун хүнд байна” гээд 1 цент тараав. Тэгтэл хүүхдүүд энэ чинь уржигдарын дөнгөж аравны нэг нь байна шүү дээ. Ийм тэнэг ажил хэн хийж байдаг юм гээд явж оджээ. Тэд дахин ирээгүй гэдэг.
Сэтгэлгээ ядуурлаас гарч чадаагүй цагт амьдрал ядуурлаас гарахгүй шүү дээ.
Ардчилсан нээлттэй нийгэмд өсч хүмүүжсэн залуучууд бид л эх орныхоо ирээдүйн дүр зураг болж байна. Бид л Монгол улсын ирээдүйг гэрэлтүүлэх учиртай. Харамсалтай нь манай орны зарим оюутан залуучууд маань цаг хугацаагаа хий дэмий алдаж мөхөж яваа зарим орны залуучуудын өнгө аясыг дуурайн зугаа цэнгэлийг чухалчилж биеийн амар байдлыг эрхэмлэдэг болсон байна. Мэдээлэл технологийн эрин зуунд компьютер болон бусад дэвшилтэд техник хэрэгсэл бид бүхний ажлыг хөнгөвчилж их ач тусыг хүргэж байгаа нь үнэн. Гэхдээ ямар ч зүйл сайн муу хоёр талтай байдгийн адилаар манай орны оюутан залуучуудад PC (Personal Computer)-чин хэмээх шинэ мэргэжлийн бий болгож байна. Бүр дота-гийн доктор хамгаална (Warcraft нэртэй тоглоом, Dota нэртэй газар гэж хэлж болно.), магистр энэ тэр гэсэн хошигнол маягтай гуншинг нэг нэгэндээ өгч түүгээрээ өөрсдийгөө баясгаж зугаа цэнгэлийг эрхэмлэх боллоо. Унтах нойроо хүртэл тоглоомдоо зориулж өдөржин шөнөжин тоглон хайран цаг хугацаагаа алдаж бүр тоглоомондоо донтож байна: Эмнэлэгт компьютерийн тоглоомоос болж галзуурсан ба мэдрэлийн ядаргаанд орсон оюутан сурагчид их олширч эмчлүүлж байна. Хамгийн харамсалтай нь төгсөх курсын оюутан хүртэл тоглоод л байна тоглоод л байна.
Амьдралыг хэтэрхий хялбар энгийнээр төсөөлж хичээл ном сурах ид насан дээрээ цагаа дэмий өнгөрүүлж алдаж эндэх вий дээ хэмээн би сэтгэл их зовниж байна. Хүн бүр зугаа цэнгэлд дуртай би ч бас дуртай. Гэхдээ арай ингэж хэтрүүлж боломгүй санагдана. Хүн хүсч мөрөөдөх дүр зурагтай, зорилготой байж түүн рүүгээ байнга тэмүүлж явах нь амьдралын утга учир болдог билээ. Гэхдээ бас сурч боловсрох гэдэг чинь ганцаараа ном шагайгаад суухыг хэлэхгүй, хоорондоо ярьж маргаж байж л сурсан эрдэм мэдлэг задардаг биш бил үү. Хүн зөвхөн өөрийн дотоод ертөнцийн гайхамшиг, хязгааргүй хүч чадалтай “танилцах” нь л хангалттай бус өөрийнхөө оюун ухааны хүч чадлыг дайчилж үргэлж шинэ мэдээлэл мэдлэгийг нэмж сэлгэж байх хэрэгтэй юм шиг.
Би саяхан интернэтээр нэгэн хэлэлцүүлэг уншиж байсан. Тэнд Монголын өсвөр үеийнхэн Америк хэв маягаар амьдарч бэлэнчлэх сэтгэлгээтэй болж, солонгос маягаар дурлаж мөнхийн хайрандаа умбайж байна гэсэн сонирхолтой ч юм шиг, аливааг бодогдуулмаар ч юм шиг зүйлийг олж уншсан юм. Монголчууд коминтернээс болоод ч тэр юм уу Орос ах эгч нарынхаа амьдралын хэв маягаар амьдардаг болчихсон байна.
Сайтар харах юм бол ялангуяа амьдралын туршлагаар бага залуучууд маань Лонхноос Бирд гэрч ирээд миний гурван хүслийг биелүүлэх болов уу би тэр үед нь юу хүсэх вэ? Гэж ирээд л, эсвэл тэнэг Иван гэв гэнэт хаан болдог үлгэр шиг. Юуг хүлээгээд, хэнд найдаад, хамаг цаг хугацаагаа хий дэмий өнгөрөөгөөд байгаагийн учрыг би сайн ойлгохгүй байгаа юм. Магадгүй энэ энэ хоцрогдсон сэтгэлгээнд байдаг байх гэж ойлгодог.
Ээжтэйгээ хөтлөлцөн алхаж яваа танхил жаахан охин “ээжээ би энэ гоё чихрийг авч идмээр байна” гэж хэдэхэд ээж нь май миний охин гээд тэр чихрийг нь аваад өгчихлөө. Харин охин чихрээ амандаа хүлхчихээд цаасаг нь салхинд шууд хийсгэж орхилоо. Ээж нь анзаарсангүй дээ. Эгч ээ таны охин дөнгөж сая идсэн чихрийнхээ чаасын газар ил хаячихлаа тэр хэвтэж байна гэхэд ээж нь надруу нэг л гайхсан харцаар хараад тэгээд яасан чи хаядаггүй юм уу гэж намайг наг балмагдуулж орхилоо. Үгүй ээ би ил задгай газар хогоо хаядаггүй гадаах хогийн сав юм уу эсвэл хармаандаа хийгээд орой гэрийнхээ хогийн саванд хийчихдэг гэж хэдэхэд охины ээж учиргүй уурлан хурдан хурдан алхаад яваад өгчихлөө. Би харин гайхсан харцаар харсаар үлдсэн юм. Либертари зуны сургалтанд сууж байх хугацаанд багш хэлэхдээ “манайхны дунд нэг муу сэтгэлгээ байх шиг. “Энэ хүн ил задгай газар хог хаяж болж байгаа юм чинь би хог хаяж болно шүү дээ ” харин “Би хогоо хаяхаа больчихвол энэ хүн хогоо хаяхаа болино” гэж бодохгүй байх нь элбэг юм. Та бүхэн нэг зүйлийг сайн анзаарч харсан уу? Зарим гэр хорооллын айлууд хаягдал, угаадсаа хашааны гаднахан талд гаргаад асгачихдаг, хог хаягдлуудаа ч гэсэн зориулалтын бус газар овоолоод ил хаячихдаг. Манай хашаа л цэвэрхэн байвэл бусад нь хамаагүй гэсэн үзэлдээ хэтэрхий туйлширчихсан байх юм. Харин нөгөө хашааны гадна талд асгасан угаалдас дээрээ орой нь өөрсдөө халтирч унаад, ил задгай хаясан хог хаягдал нь эргээд салхинд туугдаад буцаад цэвэрлэсэн цэмцгэр хашаанд нь орж ирээд муухай болгочихдог. Тэгээд дахиад л нөгөө үйлдлээ давтаж хийнэ. Ийм сонин гэлтэй сэтгэлгээ манайхны дийлэнх хүмүүсийн дунд байсаар л байна. Энэ нь улмаар улс орны ирээдүйн хөгжил дэвшилийг хойш татаж чирэгдэл учруулж байна. Яагаад бид энэхүү бүдүүлэг сэтгэлгээг өөрсдөөсөө эхэлж өөрчилж болохгүй гэж. Нэн ялангуяа залуучууд бид ийм сэтгэлгээнд автах юм бол хэзээ ч бид гэрэд гэгээтэй ирээдүйг үзэж чадахгүй шүү дээ. Ийм л энгийн зүйлүүдээс улс орны хөгжил тодорхойлогддог биз дээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment