Миний тэмдэглэл...

Бүх зүйл таны гарт...


Социалист, коммунист, фашист, нацист гэх мэтийн үзэл суртал нь хүн төрөлхтний жам ёсны хөгжлийн явцад гажуудал маягаар үүсч, төрийн энгийн шударга зарчмуудыг ихээхэн өөрчилсөн билээ. Манайд тогтнож байсан коммунист зарчим нь ард түмэн өөрийн гэсэн хувийн өмчтэй байхыг хориглож, төр бүхнийг өөртөө хариуцах болсон. Улмаар Төр ард түмнийхээ төлөө биш, ард түмэн төрийн төлөө амьдрах ёстой гэсэн ойлгомжгүй зарчим гарч ирсэн байгаа юм. Түүхийн туршид фашист, коммунист дэглэмүүд аз жаргалын ундарга гэр бүлийг хооронд нь тэмцэлдүүлэн салгаж, төрсөн ахан дүүсийн хооронд дайныг зарлаж, залуу үеийг ахмадуудынх нь эсрэг сөргүүлэн босгож байсан гашуун туршлага хүн төрөлхтөнд бий. Төр хүмүүсээс гэр бүлийнхээ төлөө зориулдаг үнэнч сэтгэлээс ч илүүтэйгээр төрдөө л үнэнч зөвхөн төрийн төлөө л ажиллаж, амьдралаа зориулахыг сурган шаардсаар ирсэн билээ. Бид ийм л нийгмийн золиос болсон ахмад үеийнхний амьдралын гашуун туршлагад тулгуурлаж өнөөгийн бид бүхний амьсгалж буй ардчилсан нийгмийг сонгосон. Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах л байх. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чаддаггүй. Гэхдээ улам олон улс орон ардчиллын системийг хүлээн зөвшөөрч, ардчилал хүн төрөлхтний ирээдүйн давалгаа нь болж байна. Ардчилсан улс орон өдрөөс өдөрт улам ч хурдацтай хөгжиж, нийгэм өдрөөс өдөрт нээлттэй болж, дэлхийн даяаршилтай хөл зэрэгцэн алхаж байна. Хүн төрөлхтний жам ёсны хөгжил рүү 1990 онд орсон цагаас хойш ардчилсан нийгэмд өсч торниж хүмүүжсэн хүүхдүүд маань өдгөө арван найман нас хүрч эрийн цээнд хүрцгээлээ. Абрахам Линкольн хэлэхдээ “Ардчилал гэдэг бол Хүмүүсийн төлөө хүмүүсээс бий болсон хүмүүсийн засаг мөн” гэж хэлсэн байдаг билээ. Ирээдүйн ХӨГЖИНГҮЙ МОНГОЛ улсыг ардчилсан нийгмийнхээ үр шимийг хүртэж, эрийн цээнд хүрсэн эдгээр АРДЧИЛЛЫН ЗАЛУУС маань бий болгож чадна гэдэгт би итгэж явдаг. Ардчилал нь манай нийгэмд маш олон сайн зүйлсийг авч ирж байна. Ардчилал бол хүмүүсийн үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалж, улс төрийн эрх мэдлийг буруугаар ашиглах явдлаас сэргийлж чадах тогтолцоо мөн юм. Харин улс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй эрх баригч хүмүүс эрх мэдлээ буруугаар ашиглахад ямагт бэлэн байдаг билээ. Яг ийм зүйл манай өнөөгийн нийгэмд үүсч бий болчихсон байна гэсэн хардалт надад өөрийн эрхгүй төрдөг гэдгээ юунд энд нуух вэ!. Усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Голын ус хэр тунгалаг байх нь ундарга нь ямар байхаас л шалтгаалдаг. Хүмүүс харилцан холбоотой амьдардаг, нийгэм ч мөн адил. Аливаа нийгэм хэр зэрэг ариун тунгалаг байх нь удирдах хүмүүс хэр үлгэр дууриалтай байна гэдгээс шууд шалтгаалдаг гээд хэлчихвэл хол зөрөхгүй биз. Олон түмнийг удирдан чиглүүлж, эрүүл сайхан нийгэм байгуулахын тулд эр зоригтой, өөрийн үүргээ бүрэн ухамсарласан тийм удирдах чадвартай удирдагч нар манай нийгэмд зайлшгүй шаардлагатай байна. Ямар ч ажилд мэдлэг чадвартай, бусдаасаа илүү хүн л дарга болох ёстой. Хэрэв мэдлэг чадваргүй хүн дарга болчихвол тэр нийгэм, хамт олныг харанхуй нүх рүү түлхэж болзошгүй. Удирдагч хүн бусдаасаа илүү ухаантай, алсын хараатай, удирдах чадвар сайтай, хамт олныхоо манлайлагч нь байх ёстой. Хамт олонд удирдлага хэрэгтэй байдгийн учир үүнд л оршдог бус уу. Удирдагч, дарга хүний удирдан зохион байгуулах ур чадвар нь хамт олны доторх элдэв зөрчил бэрхшээл, бүтээлч бус байдлыг засан залруулж, тэдний нөөц бололцоог дайчилж, хөгжил цэцэглэл өөд хэрхэн чиглүүлж буйгаар л илэрнэ. Гэхдээ удирдагч хүний шинж чанарыг захиргаадан дарангуйлах эрх дархтай хутган ойлгож огт болохгүй. Нийгмийн гишүүдийн хүсэл зоригт нийцээгүй эрх дарх нь удирдах чадвараас тэс өөр зүйл байдаг билээ. Манай өнөөгийн нийгэмд удирдах чадвартай алсын хараатай ухаалаг удирдагчид зайлшгүй шаардлагатай байна. Удирдах хүч чадварын үндэс суурыг бэхжүүлэхийн тулд нийгмийн ард иргэдийнхээ ухамсар болон улс төрийн боловсролыг өндөржүүлэн төлөвшүүлэх нэн шаардлагатай байна. Удирдагч хүнээс бидний хүсэж буй зүйл бол удирдагч хүн өөрт ноогдсон үүргээ гүнээ ухамсарласан байх явдал. Ийм энгийн ухамсар суугаагүй хүн дарга болвол хамт олон, нийгэмдээ нүгэл үйлдэнэ. Тийм удирдагчид өндөр хариуцлагаас нүүрээ буруулж хэмжээгүй эрх дархаараа сүрдүүлэн айлгах ба мөнхүү эрх дархаа авч үлдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй. Тийм даргын авч яваа хамт олон, нийгмийн уур амьсгал эрүүл байдаггүй, эрүүл байх ч учиргүй. Ажил албаныхаа өндөр хариуцлагаас зугтаж, үүрэг хариуцлагаа ухамсарлахгүйгээр зөвхөн хувийн эрх ашгаа нэн түрүүнд тавьдаг хүн дарга байх эрхгүй билээ. Манай нийгмийн энэ хэцүү цаг үеийн доройтолд холбогдох эрх мэдэлтнүүд маань салшгүй холбоотой гэдгийг сануулах гэж их зүйл нуршчих шиг боллоо. Удирдах хүч чадал аяндаа бий болчихгүй. Өндөр албан тушаалд гарлаа гээд удирдах чадвар аяндаа бий болчихдоггүй шүү дээ. Бөх барилддаг, сансарт нисдэг, компаний захирал, төмөр замчин, мянгат малчин, улсын манлай уяач гэх мэт хэн ч бай улс төрийн тавцанд гарч ирж болно. Гэхдээ аливаа зүйлийг бизнесийн ашиг сонирхлын нүдээр хардаг тийм улс төрчид манай улс оронд огт хэрэггүй. Бүхэл бүтэн улс орны тэргүүнээр үл барам хамгийн бага хамт олны дунд ч дарга гэж хэлэгддэг хүн өөрийнхөө үүрэг хариуцлагыг ойлгож ухамсарласан байх ёстой гэж би хувьдаа үздэг. Удирдах албаны хэн бүхэн бүгдээрээ л хувийн эрх ашиг, хувийн жаргалыг хөөцөлдөх юм бол энэ хамт олон, нийгмийг хэн авч явах болж байна аа? Бүтээлч, дайчин давшингуй, амь бие хайргүй, үнэнч хичээл зүтгэлтэй хөдөлмөрч тийм хүн нийгмийг удирдан залж цаашид хөгжингүй улсын дайтай авч явна гэдэгт эргэлздэггүй. Удирдагч хүн дайчин давшингуй чадварыг эзэмшиж хамт олноо араасаа дагуулж, үүргээ тууштай ухамсарласан цагт л хүмүүсийн хүндэтгэлийг хүлээж чаддаг. Удирдах хүн хүндэтгэл хүлээсэн байх ёстой. Дарангуйлагч, удирдагч хүн хоёр үүгээрээ л ялгагддаг. Сүүлийн үед Монгол улсын төрийн өндөр албыг хашдаг дарга нар болон холбогдох хүмүүс бүгдээрээ л хувийн эрх ашгаа нэн түрүүнд тавьж аливаа зүйлд өөрийн ашиг сонирхолын үүднээс ханддаг болчихсон юм шиг... Тийм ч харагддаг. Улмаар энэ нь авилга хэмээх халдварт өвчин рүү түлхэн оруулж, нийгэмд хүнд суртал гэгч зүйлийг бий болгож бүр даамжруулж, дээд боловсролын салбарт хүртэл өвчинөө халдаж, цаашлаад энэхүү өвчин бүр бугларч архагших шинжтэй болж байна. Авилга улам газар авсаар л байна. Та бид зүгээр хараад суусаар байх юм гэж үү. Хэдхэн сарын өмнө Олон улсын валютын сангаас зохиосон нэгэн семинар дээр Вашингтоноос ирсэн Мартин гуай үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгээ дүгнэж: Танай оронд эдийн засгийн өсөлт үнэхээр ажиглагдлаа. 10.6 хувийн бодит өсөлт гарсан байна. Гэвч энэхүү өсөлтөөс шинээр ажлын байр бий болсонгүй. Ажлын байр буй болоогүй гэдэг маань ядуурал буураагүй гэсэн үг. Тэгэхээр нийгэмд буй болсон энэ өсөлт нь ард түмэндээ очоогүй гэсэн үг. Энэ нь чухамдаа танай оронд шударга хуваарилалт алга гэдгийг хэлж байна. Энэ бол Монгол орон аль зэрэг авилгад идэгдэж, эргээд нийгмээ аль хэр хоосруулж, хойш чангааж байгааг дээрээс нь харж дүгнэсэн зэрвэс шинжилгээ юм. Авилга гэдэг нь хэн нэг нь нөгөөдөө мөнгө өгөөд байгаадаа ч асуудал биш. Авилгын мөнгийг хахуульдагч төлдөг ч юм биш, ядуу хоосон ардууд л сүүлчийн таваг шөлөөрөө төлдөгт хамаг учир бий. Авилга ихсэх тусам энгийн ардын амьдрал тэр хэрээр доройтдог гэдэг бол нотлогдсон энгийн үнэн. Энэ дэлхийн олон улс үндэстэн гуйлгын тулам болж, ядуурал, гэмт хэрэгт дарлуулж, хөгжих биш ухарсаар буйн гол шалтгааныг мэргэжилтнүүд нэгэн дуугаар “авилга” гэж тайлбарладаг. Хүн өвчин туссан гэдгээ мэдэх үедээ л эдгээх арга замыг хайж эхэлдэг шиг хэвлэл мэдээллээр авилга газар авах боллоо гэж энд тэндгүй зарлаж авилга нь бүр даамжирч үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх боллоо. Хаана ч, аль ч улсад авилга бий. Хөгжингүй орнуудад ч авилга байдаг. Гэхдээ тэдгээр улсад авилгач этгээдүүдээ удаа дараалан хариуцлага хүлээлгэж, телевиз, сонин гэх мэт манайхны өхөөрдөн хэлдгээр 4 дэх засаглалаар улайж ичтэл нь булайг нь дэлгэж байдаг юм билээ. Харин Монголд бол тэр тийм авилга авлаа гэж сонсогддог мөртлөө тэгж хариуцлага хүлээлгэлээ гэж ер сонсогддоггүй. Авилгын хор хөнөөлийг мэдэхгүй, мэдрэхгүй байгаа болохоор бид авилгатай тэмцэхгүй байгаа хэрэг гэж үү? Зүгээр л дуугүй хараад суусаар байгаа юм гэж үү? Үгүй биз ээ. Бид авилгын эсрэг тэмцдэг. Улаанбаатар хотын төвд “Авилгатай тэмцэх газар” гэсэн том байгууллага одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж л байна. Авилгын талаар мэдээлэл авдаг утас хүртэл өдөржин шөнөжин ажиллаж байдаг. Дээд албан тушаалтнаас эхлээд дунд, доод шатанд засаглалын ялзрал нүүрлээд байгаа нь хэнд ч илэрхий атал зэрэглээ мэт гарт үл баригдаж, хяналтад үл гүйцэгдэнэ. Авилга байгаа нь асуудлын гол биш, авилгатай тэмцэх боломж нь хавчигдмал байгаад асуудлын гол шалтгаан нь болоод байна. Нийгэмд үүссэн бухимдлын учир шалтгаан нь ядуурал биш, харин шударга бус байдалд оршдог. Төр цэвэр байх нь нийт ард түмний ёс суртахууны төвшинтэй салшгүй холбоотой. Ёс суртахуунлаг ард түмнээс ёс суртахуунлаг удирдагчид төрж гардаг. Амьдрал эсвэл ямар нэгэн тэмцээн уралдаан юм болов уу? Ямар ч тэмцээн уралдаан өөрийн гэсэн дүрэм журамтай байдаг. Тэмцээнд оролцогч хүн бүр тэр дүрмийг баримтлах ёстой. Дүрэм зөрчсөн нь торгуулдаг, сануулга авна заримдаа хасагдана. Харин тэмцээнд оролцогч хүн дураараа тэмцээний ҮНДСЭН ДҮРМИЙГ өөрчилж болдоггүй биз дээ. Дүрэм зохиогчдыг хянаж байдаг ЦЭЦ нь сануулга өгөхөөр өөдөөс нь уурлаж дахиж би та нарын өмнөөс энэ дүрмийг засахгүй та нар өөрсдөө засч байгаараа гэж бусад дүрэм зохиогчиддоо хэлдэггүй биз дээ. Эвсэл “нэг хүн миний өмнөөс гарын үсэг зураад надад алтан медаль аваад ирсэн байна лээ би тэр хүнийг заавал олно би тэр хүнд заавал хариуцлага хүлээлгэнэ” гэж хэлдэггүй шиг санагдах юм. Бид бүгдээрээ тэмцээнд оролцогч тийм ч учраас бид өрсөлдөх ёстой. Өрсөлдөхдөө харин шудрага өрсөлдөх хэрэгтэй. Тэгэхгүй бол өрсөлдөөний утга учир үгүй болно. Тэмцээнд хамгийн чухал нь шударга шийдэл. Ялах нь чухал боловч түүнээс чухал нь шударга, нэр төртэй ялах нь чухал. Бид тийм хүнийг хүндэлж явдаг. Орчин үе бол өрсөлдөөний үе. Гэвч өрсөлдөөнийг эв эеэ бусниулах тийм үе болгож болохгүй. Өрсөлдөөний явцад бие биенээ тэмцээнээс устгаж үгүй хийх биш, харилцан бие биенийгээ дэмжиж нийгмээ сайн сайхан болгох учиртай. Тэмцээнд ялж амжилт гавъяа байгуулъя гэвэл өрсөлдөгчөө үгүй хийх биш, өрсөлдөгчөө муулах биш зөвхөн шудрага л өрсөлдөх хэрэгтэй. Энэ л хамгийн нэр төртэй ялалт болно байх. Миний ажиглаж буйгаар бол сүүлийн үед манай төрийн зарим өндөр албан тушаалтан холбогдох эрх мэдэлтнүүд маань улс эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө гэсэн эрхэм зорилгоосоо нэлээд их хазайж ямар нэгэн нам хүчнийхээ төлөө амиа өгөхөөс ч буцахгүй тэмцэлдэж байна. Намууд хоорондоо бүр чулуу шидэлцэж зарим нэгнийх нь толгой хагарч байна. Намын төлөө л гэвэл сайн муу нь хамаагүй, ямар ч зүйлийг ичих ч үгүй хамаа намаагүй хэнэггүйхэн хийж орхидог болжээ. Ардчилсан нийгэмд Намын үүрэг роль ихээхэн чухал байдаг нь үнэн. Гэхдээ шударга, ухаалаг ирээдүйн улс эх орныхоо сайн сайхны төлөө гэсэн эрхэм зорилгоо шингэтэл ухамсарлаж, удирдагчийн байр суурийн төлөөх тэмцэлдээ удирдагч хүн шиг өрсөлдөх хэрэгтэй. Харин хэн нэгнийгээ гүжирдэж, гүтгэж огтоос болохгүй шүү дээ. Ухаалаг өрсөлдөж, хэн чадвартай нь ялагч болох хэрэгтэй. 2008 оны сонгууль дөхөх үед улс төрийн мэдлэг тун тааруухан ард иргэд бид бүхэндээ барьж буй тэдний хамгийн том бэлэг бол улс төрийн инээдмийн тоглолт юм. Анх үзээд их инээдэг байсан. Харин сүүлдээ бүр инээд хүрэхээ болчихож. Их инээхээр уйлдаг гэдэг нь болж байна. Монголын ард иргэдийн уур бухимдал дээд цэгдээ хүрч, ядуурал газар авч, эдийн засгийн ихээхэн хямрал нүүрлэж бид өдрөөс өдөрт гэрэлтэй, гэгээлэг замаас бага багаар холдсоор байна. Хэн нэгний хэлсэнээр “манай ард иргэд үгүй мөн их улс төржиж байна даа”. Ам л нээвэл “урьд би ч …” гээд л өнгөрсөн үеэ магтаж санагалзах дуртай хүмүүстэй та бишгүй л таарч байсан биз. Өнгөрсөн нь хүний нүдийг хааж ирээдүйг нь харагдуулдаггүй. Өнгөрсөн нь хүний хөлөөс чангааж ирээдүй рүү нь гишгүүлдэггүй. Тийм хүний хувьд ирээдүй цаг гэж байдаггүйтэй адил. Социалист нийгэмд төрж, суралцаж, тэр үеийн хүмүүжлээр төлөвшиж байсан одоогийн зарим ахмадууд маань төгс нийгэм гэгддэг коммунизмд хүрэхийг хүсэн хүлээж байсан болоод ч тэр юм уу бидний амьдарч буй одоогийн ардчилсан нийгэмтэй нэг л сайн ойлголцож чадахгүй байгаа юм болов уу даа. Бид урьд нь их л мундаг ….. 2007 оны 7-н сарын 18 ны өдрөөс 22 хүртэл 5 өдрийн Либертари зуны сургалт Тав хоног үргэлжилсэн энэхүү сургалтын үед би олон сайхан хүмүүстэй танилцаж, санал бодлоо солилцож суух үедээ либертари итгэл үнэмшлээр үнэхээр бахарсан билээ. Либертари тунхаг нь улс төрийн нам хүчний биш харин иргэний тунхаг. Эрх чөлөөт хувь хүн бүрийн амьдралдаа баримталдаг энгийн нэгэн зарчим, амьдралынхаа хэв маяг болгох ёстой тэр зүйл мөнөөс мөн. Өнөөдөр төрөөс аль болох ангид оршиж, өөрийн хөдөлмөрлөж олсон хөлсөөр амьдардаг, эрх чөлөөг эрмэлзэгч, ухамсарт Монгол иргэний хүсэл эрмэлзлийг чангаас чанга дуугаар зарлан тунхаглах цаг нэгэнтээ болжээ. Либертари үзэл нь хувь хүний ухамсар сайн дурын сонголтон дээр тулгуурлаж байдаг тул эс таалагдах аваас хэн ч гэсэн өөр зарчмыг амьдралдаа баримталж болно. Энэ л шинж чанараараа Коммунист тунхагаас ялгагддаг. Бидний хүсэн хүлээж буй нийгмийн байгууламж бол Либертари нийгэм билээ. Бид энэ нийгмийг хүн төрөлхтний эрэл хайгуул зовлон шаналал хөдөлмөр тэмцлийн үр дүнд бий болж түүхээр шалгагдсан нийгмийн байгууламж гэж үздэг. Ардчилсан нийгмийн байгууламжийн олон хэлбэр дотроос либертари нийгмийг онцлон зорьж байгаа нь хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зорилготой холбоотой. Нийгмийн бүх харилцаа, эрх зүйн үндэс суурь нь хувь хүн юм. Хувь хүн төрөлхөөсөө эрх чөлөөтэй бөгөөд тэр эрх чөлөөг хэн ч түүний дотор төр ч зөрчиж үл болно. Хувь хүний эрх чөлөө нь бусад хүмүүсийн эрх чөлөөгөөр л хязгаарлагддаг. Та эрх чөлөөгөө эдэлж байна гээд бусдын эрх чөлөөнд халдах эрх байхгүй. Үүнийг дур зоргоор аашлах гэдэг болохоос эрх чөлөө огтоос биш юм. Либертари үзлийн туйлийн зорилго бол төрийн эрх мэдлийг минимум байлгаж, харин хувь хүний эрхийг максимум хэмжээнд хүргэх явдал болно. Хүлцэн тэвчихүй бол либертари үзлийн нэг гол зарчим. Надаас өөр бодолтой байх нь тухайн хувь хүний эрх. Монголын бүх иргэд либертари үзэл бодолтой байх бололцоогүй. Ийм тоталитари шинж коммунизм, фашизм хоёрт л байдаг гэж үздэг. Та өөрийнхөө амьдралыг мэднэ. Хэрэв энэ зарчмыг няцаах юм бол өөр хүн таны амьдралыг мэдэхийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Хүчирхийллийн төвлөрсөн зохион байгуулагдсан хэлбэр бол төр. Иргэний нийгэм Иргэний нийгэм: “Гэгээрч соёлжих явцад үзэл бодол, шинж чанарын хувьд биеэ даасан, тэгш эрхт иргэд нь нийгмийн зохицуулалтад сайн дурын үндсэн дээр өргөнөөр оролцдог, тийнхүү оролцох эрхзүйн болоод ухамсрын орчин нь бүрдсэн нийгмийг хэлнэ.” Иргэний нийгэм гэдэг бол иргэний төлөө нийгэм биш, “иргэд нь өөрсдийнхөө төлөө, өөрснөө хамтарч, өөрснөө ажиллах хэрэгтэйг ухамсарласан нийгэм” билээ. Дэлхий дахины цаашдын чиг хандлага бол Иргэний нийгэмтэй салшгүй холбоотой байх нь улам тодорхой болж ирж байна. Хүн төрөлхтөн иргэний нийгэмд асар их найдвар ач холбогдол өгч байгаа хэдий ч иргэний нийгэм яг институтын хувьд батжаагүй л байна. Монгол улс маань сайхан ирээдүй өөд алхам алхамаар урагшилсаар байна. Ирээдүйн Монгол орны дүр төрх, “шинэ Монгол хүний” тухай мөрөөдлийг цээжиндээ зураглаад, чадах чинээгээрээ ойртоцгооё. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэдэг үг байдаг шүү дээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment