Миний тэмдэглэл...

Бүх зүйл таны гарт...

Хэдхэн жилийн өмнө Компьютер дурын хүн болгонд байдаггүй, хөрөнгө мөнгөтэй чинээлэг хүмүүсийн гангараа төдий зүйл байсан санагдана. Харин одоо мэдээлэл технологи гайхалтай богино хугацаанд хурдацтай хөгжиж буй өнөө үед бидний гангараа мэтээр ойлгож байсан компьютер гэдэг зүйл маань хүн бүрийн зайлшгүй өдөр тутмын хэрэглээ нь болоод хувирчихлаа. Цаашид техник технологи ямар шинэ зүйлийг араасаа дагуулахыг тааж мэдэх аргагүй болоод байна. Компьютерийг дагаад компьютерийн сүлжээ интернэт улам хөгжиж, боловсронгуй болж улмаар интернэтэд дэлхийн хамгийн том мэдээллийн лавлах ертөнц үүсчихлээ. Лавлах ертөнц гээд хэлчихэд бас их хэцүү өөрөөр хэлбэл энэхүү сүлжээг ашигласнаар хорвоо тэр чигээрээ бидний гарт багтчихлаа. Өнөөгийн дэлхий дахинд болж буй цаг үеийн мэдээллүүдийг интернэт хүн бүрт, нас хүйс, арьс өнгө, царай зүс хэнийг ч ялгахгүй эрх тэгш нээлттэй хүргэсээр байна. Мэдээллээс хөндий байна гэдэг маань мэдлэгээс хол хөндий байна гэсэн үг. Интернэт зөвхөн мэдээлэл солилцдог төдий зүйл биш. Өөрөөр хэлбэл тэнд бүхэл бүтэн дэлхийн худалдааны төв бас бий болчихсон байна. Дэлхийн хамгийн томоохон их дээд сургуулиудад суралцах боломж нээгдэж байна. Интернэт хүн бүрт эрх тэгш боломжийг олгож хэн чадаж байгаа нь өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олон зүйлийг сурч мэдэн түүгээрээ ажиллаж их хэмжээний мөнгө олох боломжийг олгож эхэллээ. Одоогоос 30 гаруй жилийн өмнө Америкийн Нэгдсэн Улсын Батлан хамгаалахын яам ARPANET (Advanced Research Project Agence NETwork ) хэмээх сүлжээг бий болгосон нь өнөөгийн интернэтийн суурь үндэс нь болжээ хэмээн үздэг. Өнөөдөр таны гарт интернэт байгаа бол хил хязгааргүй бусадтай харилцан үзэл бодлоо нээлттэй солилцож, хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг уншиж, сонирхдог, дуу болон тоглоомуудыг татан авч хараахан дэлгэцнээ гараагүй киног үзээд сууж байна гэдэг хэтэрхий энгийн болчихож. Хэн байх юу мэддэгээр нь хэмжигдэж байгаа бол өөрийнхөө шинэлэг санааг интернэтээр чөлөөтэй илэрхийлж, та өөрийн санаачилсан зүйлийнхээ оргил өөд ямар нэгэн саадгүйгээр итгэл төгс тэмүүлж чадна. Өөрт хэрэгцээтэй өөрийн хүсэл шаардлагад нийцсэн ямар нэгэн зүйлээ худалдаж авахын тулд хэдэн цагаар дэлгүүр хэсч хайран цагаа алдахын оронд шууд интернэтэд суугаад хайхад секундыг хэдэн зуу хуваасантай адил хугацааны дотор л тухайн хайсан мэдээллийг төрөл бүрээр нь гаргаж ирэх тийм зүйл интернэт ертөнцөд бий. Хаана ч томилолтоор явж байсан ажлынхантайгаа хуралдаж, хүүхэддээ үлгэр ярьж өгнө гэдэг яах аргагүй 21-р зуун билээ. Залуус бид цаг үетэйгээ хөл зэрэгцэн алхах хэрэгтэй байна. Сүүлийн үед нано технологи гайхалтай ололт амжилтыг авч ирсээр л байна. Нано буюу 10-ийн хасах есөн зэрэг. Молекулын ийм өндөр түвшинд хүн үйлдэл хийж чаддаг болсноор мэдээллийн хязгаар үгүй болжээ. Бид бүхний төсөөлж байгаагүй тийм ололт амжилтуудыг маш богинохон хугацаанд авч ирж байна. Ойлгомжтой байдлаар тодруулж хэлвэл хэзээ ч халтар болдоггүй хувцас, бороонд нордоггүй цув, ямар ч сум үл нэвтлэх хантааз гэх мэт маш олон хүний ой тоймд багтахааргүй зүйлсүүдийг хүн төрөлхтний хөгжил дэвшилт авч ирээд байна. Саяхан бидний хэзээ ч биелэхгүй гэж ярьж байсан зүйл маань биелж, бидний төсөөлөөгүй зүйлс амьдралд хэрэгжээд эхэлчихлээ. Бүр бидэнтэй яг адилхан хүнийг бүтээж, хүн төрөлхтний мянга мянган жилийн туршид тайлж чадаагүй тэр нууц бүхний учрийг тайлж бидний буурал түүхийг баяжуулсаар л. Баабар ахынхаа нийтлэлээс иш татвал бид шинжлэх ухаан технологийн дэвшлийн овсгоотой хэрэглэгч байхад л хангалттай. Сайн хэрэглэгч болохын тулд юун түрүүнд боловсрол мэргэжлийн сургалтанд яаралтай хамрагдах ёстой юм. Өнөөдөр бид компьютер гэгч зүйлийг муугүй л ашиглаж бүр цаашлаад ийм компьютерийг монголдоо үйлдвэрлэх боломж ч байна гагцхүү хийж бүтээх эрмэлзэлтэй байх хэрэгтэй хэзээ ч биелэхгүй, хэзээ ч бүтэхгүй гэсэн сэтгэлгээ ямар ч сайн зүйлийг авчирдаггүйг та бид хангалттай мэдэрсэн биз дээ. Сүүлийн үед дэлхийн хамгийн шилдэг бизнесменүүд мэдээлэл технологийн салбарт хүчээ үзэж эхэллээ. Та бидний сайн мэдэх Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс болон Google-ийн эзэд бүгд л энэ салбарт дэвшил авчирч дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд багтаж байна. Эцэст нь хэлэхэд мэдээлэл технологийн энэхүү салбарт дэлхийн бүх улс орон хуйларч буй энэ үед бүгдээрээ хамтдаа 21-р зуундаа хөл зэрэгцэн алхацгаая гэж уриалмаар байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment