Миний тэмдэглэл...

Бүх зүйл таны гарт...

Сүүлийн үед хүн бүрийн амнаас даяаршил гэсэн үг гардаг болсон нь энгийн зүйл болсон гэлтэй. Даяаршил зөвхөн өнөөдөр бий болчихоогүй, хүн төрөлхтөний бүхий л үеийн турш үргэлжилж ирсэн үйл явц. Харин сүүлийн үед даяаршил харьцангуй хурдацтай явагдаж байна. Дэлхий бол нэг л гүрэн, хүн төрөлхтөн түүний ард иргэд нь гэсэн үгтэй санал нэг байдаг. Энэхүү асуудлын тухай Дэлхийн даяаршил хурдацтай явагдаж байгаа талаар интернэтэд болон хаа сайгүй хэлэлцүүлгүүд явагдсаар л байна. Ядуу, хөгжил буурай улс орнуудын хувьд даяаршил нь сайн зүйл авчрахаас илүүтэйгээр мууг дагуулах нь элбэг байдаг хэмээн зарим учир мэдэх хүмүүсийн үгийг би хувьдаа зөвтгөдөг. Ядуу буурай улс орнуудын дунд нэлээд дээгүүр байр суурь эзэлдэг манай улсын хувьд ч тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд халдахад хүрээд байна гэсэн ойлголт ч ард иргэдийн дунд үүсч бий болсон байна. Гэхдээ даяаршил гэрэл гэгээлэг зүйлсийг багагүй авч ирж байгаа юм шиг. Мэдлэг бол хүч байдгийн адилаар 21-р зуунд мэдээлэл асар том хүч болжээ. Өнөөдөр мэдээллээс хоцорсон хүн мэдлэггүйд тооцогдож, нийгмээс бага багаар шахагдсаар л. Даяаршил ид хурдацтай явагдаж буй өнөө үед олон улс үндэстэн хоорондоо үзэл бодлоо нээлттэй солилцох албан ёсны хэлийг англи хэл хэмээн хүлээн зөвшөөрч хоорондоо хэлж ярихыг хүсдэг бүхий л зүйлээ энэ хэлээр дамжуулж ойлголцож тодорхой зөвшилцөлд хүрч байна. Англи хэлийг сурахгүй бол хэцүүхэн болоод байна гэж хэн нэгэн хүн ярьж байхыг та сонсож байсан биз дээ. Үнэндээ хэл гэдэг зүйл бол бид бүгдийн бодол санааг хооронд нь ойлголцуулж байдаг хэрэглээ төдий зүйл шүү дээ. Намайг бага байхад Англи хэлтэй, Орос хэлтэй хүмүүс их мундаг хүн шиг төсөөлөгддөг байсан. Үнэхээр ч тэр үед тийм л байсан байх. Харин одоо бол Англи хэлийг сайн сурч эзэмшсэн хүмүүсийн тоо улам олширч, Hi, Bye гэсэн үгсийг хэрэглэхгүй хүн тун ховор болжээ. Өнөөдөр англи хэлийг сайн сурч эзэмшихгүй бол ямарч амжилтанд хүрэхгүйгээр үл барам ямарч газар тийм хүнийг ажилтнаа болгож авахгүй гэдэгтэй бид эвлэрэхээс өөр аргагүй. Бүх улсын хэлийг сурч эзэмшиж чадахгүй ч гэсэн дэлхийн нийт хүн амын дийлэнх нь хэрэглэдэг тухайн хэлийг зайлшгүй сурч эзэмшихгүй бол нийгмээс хаягдаж хоцроход тун ойрхон байна. Би хувьдаа хорвоогын мөнх бусыг үзэхээсээ өмнө түгээмэл таван улсын хэлийг сурч эзэмшинэ гэж өөртөө ам тангараг өгсөн. Ийнхүү мөрөөддөг, мөрөөдлөө заавал биелүүлнэ. Эрхэм та мөн адил өөрийнхөө мөрөөдлийг заавал биелүүлээрэй.

0 Сэтгэгдэл:

Post a Comment