Миний тэмдэглэл...

Бүх зүйл таны гарт...

Мэдлэг чадвар аль аль нь чухал. Нэгхэн жилийн өмнө Монгол Улсын Их Сургуулийнхаа нийт оюутнуудын дунд “21-р зууны мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжил дэвшил” гэсэн сэдэвтэй уулзалт ярилцлагыг зохион явуулсан юм. Арваад жилийн өмнө монголд хамгийн анх интернэтийг оруулж ирэн шүүхэд дуудагдаж байсан гэсэн сонирхолтой түүх нь их таалагдаж “DATACOM” компаний захирал ноён Д.Энхбат ( одоо ногоон намын дарга ) гуайг тодруулж хэлбэл монголын үндэсний телевизээс эрхлэн явуулдаг “Форум” нэвтрүүлгийн анхны хөтлөгч гэдгээрээ олноо танигдсан Д.Энхбат гуайг урьж авчирсан юм. Оюутан бидний амьдралд хэрэгцээтэй төдийгүй эрдэм мэдлэгт ч гэсэн чухал үнэ цэнтэй зүйлс багагүй хэлсэний дундаас нэгэн чухал зүйл миний ой санамжнаас хэзээ ч арилхааргүй үлдсэн юм. “21-р зуунд мэдлэг чухал гэхээс илүүтэйгээр мэдлэг, мэдээллүүдийг маш хурдан олж авч түүнийгээ ашиглан хэрэгжүүлж чаддаг тийм чадвар хамгийн чухал болоод байна. Хязгааргүй үргэлжлэх цаг хугацаа, секунд тутамд өсөн нэмэгдсээр л байгаа тэр олон мэдээллүүд дундаас өөрт хэрэгцээтэй хамгийн чухал зүйлсүүдээ олж аван ашиглаж чаддаг, чадварлаг залуус манай нийгэм улс оронд үгүйлэгдэж байна”. Тиймээ ийм л чадварлаг залуус амжилт өөд алхам алхмаар урагшилсаар байна. Залуу насанд сурч боловсрох шиг сайхан зүйл гэж хаана байх билээ дээ. Эд хөрөнгө, элдэв зүйлсийг хэн ч булаан авч болдог харин оюундаа мөнхөлж хадгалсан тэр оюуны эд хөрөнгийг хэн ч булаан авч чаддаггүй билээ. Саяхан телевизээр МУ-ийн ерөнхий сайд С.Баяр үг хэлэхдээ их сургуульд дөрвөн жил англи хэлийг сурч диплом өвөртлөн төгсчихөөд дахиад хоёр жил англи хэлний сургалтанд суусан хэдий ч одоо хүртэл англиар олигтойхон ярьж чаддаггүй англи хэл мэддэггүй тийм хүмүүс их олширч байна гэж хэлсэн билээ. Зарим оюутан залуус маань өөрийн тухайн мэргэжилдээ эзэн болохгүй мэдлэг чадварыг эрхэмлэн дээдлэхгүй хоосон дүнгийн хойноос хөөцөлддөг болсон гэлтэй. Манай нийгэмд үнэхээр ч тийм байдал ажиглагдаж байдаг. Тийм залуучууд өдөр ирэх тусам багасах нь битгий хэл бүр их олширсоор байгаад миний сэтгэл их зовниж байна. Хүн өөрөө сурч мэдье гэсэн итгэл үнэмшилтэй, хүсэл тэмүүлэлтэй байж чадахгүй бол яаж сурч боловсрох билээ. Хүн өөртөө тийм зан чанарыг бий болгон төлөвшдөг. Харин тухайн оюутныг зөв зам руу нь чиглүүлж сурах хүсэл дүүрэн гал эрмэлзлийг нь бий болгож өгөхийн тулд багш гэдэг хүн ихээхэн чухал юм шиг санагддаг. Дээд сургууль төгссөн хэрнээ ажил төрөл олдохгүй яваа боловсон хүчин учиргүй элбэгшжээ. Ажилд орохын тулд дахин суралцах тохиолдол ч гардаг боллоо. Үүнийг нийгмийн ноцтой асуудал гэхээс өөр юу гэх билээ дээ. “Чи ямар хүний төлөө сурч байгаа биш дээ” гэж ээж минь хэлдэг байсан. Уншигч авхай та ч гэсэн энэ үгийг хаа нэгтээ сонсож байсан биз дээ. Их зүйлийг сурч мэдэж эрдэм номыг эрхэмлэн дээдлэх нь амьдралд хэрэгтэй гэдгийг “Амьдралын туршлага” гэдэг зүйлээр биднээс хамаагүй илүү ахмад үеийнхэн маань биеэрээ үзсэн учраас энэхүү сургааль үгийг үлдээсэн биз. Өнөөгийн ардчилсан нийгэмд их зүйлийг сурч мэдсэн хүн сайн сайхан амьдрах баталгаатай болж байгааг нийгэм тодоос тод харуулж байна. “Мэдлэг бол хүч” залуу нас бол амьдралын алтан үе. Энэ алтан үеийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж чадсанаас хамааран амьдралдаа өөдлөн дэвжих үү, эсвэл азгүйтэж сул дорой явах уу гэдэг нь ихээхэн шалтгаалдаг гэж би үздэг. Харин гэнэтийн сохор аз дайрч орос ардын үлгэрт гардаг шиг тэнэг Иван гэв гэнэт хаан болж, баяжаад амьдрал нь аз жаргалтай төгсөхгүй бол шүү дээ. “Хүний төлөө сурч байгаа биш дээ” гэдэг үгийг шууд утгаар нь ойлгож зөвхөн амин хувиа хичээх нь тусгүй зүйлд хүргэдэг. Зөвхөн сурсан зүйлээрээ хязгаарлагдахгүй өөрийн мэддэг зүйлсээ бусадтайгаа хуваалцаж байх нь ихээхэн чухал билээ. Өөрөө л юм сурч, сайхан амьдарч, аятай тухтай байвал бусад хүн ямар байх нь надад огт хамаагүй гэдэг үзэл бодолтой хүнтэй би эвлэрдэггүй. Тийм хүмүүс араасаа үргэлж муу зүйлийг дагуулж байдаг.

0 Сэтгэгдэл:

Post a Comment