Миний тэмдэглэл...

Бүх зүйл таны гарт...


"Дээд боловсролын салбар дахь авлига түүнээс гарах арга зам" сэдэвтэй илтгэлийн уралдаанд шалгарсан илтгэлийнхээ хэсгээс нь тавилаа... Дашрамд хэлэхэд авлига, авилга гэж аль аль-аар нь бичсэн байгаа.. 2008.05.12 өдөр

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хичээлийн 2-р байрны хаалганы урдхан хэсэгт хэсэг оюутнууд ярилцаж байхыг нь санаандгүй сонслоо.
Тэдний дундаас нэг оюутан нь ийнхүү ярьж байна: Саяхан нэг найзынхаа төрсөн өдрийг шөнөжин бут тэмдэглээд шалгалтандаа ч олигтойхон бэлдэж чадалгүйгээр шалгалт руугаа яваад орчихсон чинь мэддэг зүйл бараг байдаггүй тэгээд цаг дуусах үеэр шалгалтынхаа материал дундуур 10000-н төгрөг шургуулаад явуулчихсан чинь багш дажгүй сайн дүн тавьсан байна лээ энэ багш ч үнэхээр сайн багш шүү.
Өөр нэг оюутан нь : Манай сургуулийн зарим багш нар оюутан биднийгээ сайн ойлгох юм аа ! Би саяхан унах гээд байсан хичээлүүдийнхээ дүнг сургалтын албанд таньдаг нэг багшдаа хэлээд хэдэн төгрөг өгөөд янзлуулчихсан гээд л хэлж байх юм.

Хэдхэн сарын өмнө Олон улсын валютын сангаас зохиосон нэгэн семинар дээр Вашингтоноос ирсэн Мартин гуай үг хэллээ. Тэрээр хэлсэн үгээ зангидаж: Танай оронд эдийн засгийн өсөлт үнэхээр ажиглагдлаа.10.6 хувийн бодит өсөлт гарсан байна. Гэвч энэ өсөлтөөс шинээр ажлын байр бий болсонгүй. Ажлын байр буй болоогүй гэдэг маань ядуурал буураагүй гэсэн үг .Тэгэхээр нийгэмд буй болсон энэ өсөлт нь ард түмэндээ очоогүй гэсэн үг. Энэ нь нэг л үгэндээ танай оронд шударга хуваарилалт алга гэдгийг хэлж байна. Энэ бол Монгол орныг аль зэрэг авилгад идэгдэж, энэ нь эргээд нийгмээ аль хэр хоосруулж хойш чангааж байгааг дээрээс нь харж дүгнэсэн зэрвэс шинжилгээ юм. Авлига гэдэг нь хэн нэг нь нөгөөдөө мөнгө өгөөд байгаадаа ч асуудал биш.


Авлигын мөнгийг хахуульдагч төлдөг ч юм биш, ядуу хоосон ардууд л сүүлчийн таваг шөлөөрөө төлдөгт хамаг учир бий. Авлига ихсэх тусам энгийн ардын амьдрал тэр хэрээр доройтдог гэдэг бол нотлогдсон энгийн үнэн. Энэ дэлхийн олон улс үндэстэн гуйлгын тулам болж, ядуурал гэмт хэрэгт дарлуулж хөгжих биш ухарсаар буй гол шалтгааныг мэргэжилтнүүд нэгэн дуугаар “авлига” гэж тайлбарладаг гэж хэллээ.
Одоо авилгын тухай ярьвал авилгачид уурлахаа больчихож. Нэгэнт ард түмэн үүнийг нь ойлгоод дургүйцээд эхэлсэн, авилга байхгүй гээд хэлчихвэл өөрсдөө баригдчих гээд байгаа тул авилгачид өөрснөө авилгыг хамгийн ихээр жигшиж, чанга дуугаар авилгын эсрэг хэмээн хэвлэл мэдээлэллээр энд тэндгүй бүр эрдэм шинжилгээний хурал дээр хүртэл орилцгоож л байна.
Авлига нь Коррупт гэсэн латин үгнээс орчин цагийн монгол хэлэнд 90-ээд оны дундуур орж иржээ. Авилгал гэж бичсэн байдаг нь хулгайлал дэрээмдлэл гэдэггүйтэй адил буруу нэршил юм. Авлига нь зөвхөн төртэй холбоотой үйлдэл. Өөрөөр хэлбэл төрийн нэрээр далайлган өөртөө ашиг олохыг хэлнэ. Өчигдрийн шөнийн явдлыг аавдаа битгий хэлээрэй гээд охиндоо 500-н төгрөг өгөх нь хээл, хахууль , худалдан авах гэх мэт болохоос авилга огтоос биш. Гэхдээ өнөөгийн байдалд ямар утгаар хэрэглэж байгаа нь чухал юм.
Улс орны хөгжлийг ухраан доройтуулж, төрийг хүчгүйдүүлж, нийгмийн шударга ёсыг алдагдуулж чаддаг авилгатай дүйхүүц илүү өөр хүчтэй зэвсэг бараг байхгүй биз ээ.

Төр засаг болон эмнэлэг сургууль гэлтгүй төрийн албыг хашдаг ажилтан, дарга, цэрэг бүгд л өнөөгийн монголын энэхүү эмгэнэлт авилга хэмээх өвчинд өдрөөс өдөрт нэрвэгдсээр л , өвчин улам архагших шинжтэй болж байна. Хүн ер нь өвчин тусахаараа л эмчилдэг шиг одоо л ойлгож авилгатай тэмцэх арга замыг янз бүрээр хайж бүхий л бололцоогоо ашиглаж чадах чадахаараа багасгах гэж, үгүй хийх гэж тэмцэж байгааг оюутан би ихэд сайшаан үзэж үнэхээр зөв алхам, зөв эхлэл хэмээн дүгнэж байна. Монголын ард иргэдийн уур бухимдал дээд цэгтээ хүрч авилга улам газар авсаар л.


Улс орны хөгжилийг тодорхойлдог, улс орны ирээдүйг залж хөтөлж явдаг оюутан залуучуудыг үргэлж бэлтгэж төрүүлж гаргадаг төрийн ба хувийн их дээд сургуулиудад авилга улам даамжирч олон шударга, үнэнч, хичээнгүй , чадварлаг , авьяаслаг зорилго нэгт үе тэнгийн анд найзууд оюутан залуусын маань эрх ашгийг байнга хөндөж байдагт нь би ихэд харамсаж явдгаа энд илэрхийлмээр байна. Дээд боловсролын салбар дахь авилга, түүнтэй тэмцэх санааг нийгмийн бүхий л салбар тэр дундаа оюутан залуучууд бид бүгдээс өөрсдөөс нь асууж сурч яваад би ихэд олзуурхан өөрийн багахан дуу хоолойгоо энд хүргэж байгаадаа таатай байна.



Авилга нь дээд боловсролыг түгээн дэлгэрүүлэгч их дээд сургууль болон коллежид сүүлийн хэдхэн жилд нэгэнт хүчээ авч байгаа нь хүн бүрийн өмнө ил тод харагдах болжээ. Хэн нь мэдлэг боловсролтой илүү чадварлаг, хэн нь их хичээл зүтгэл гаргадаг, хэр зэрэг шамдан суралцаж байгаа нь өчүүхэн төдий ч чухал бус болж харин хэн нь их мөнгө төлж чаддаг хэнийх нь эцэг эх баян чинээлэг, хэн нь их олон танил талтай гэдгээс л хамааран дуртай их дээд сургуулиудад ямар нэгэн шалгуургүйгээр орж суралцдаг болоод хувирчихаж чанаргүй боловсрол чадваргүй залуучуудыг бэлдэж байгаад нь харин бид дасан зохицсоор байх юм гэж үү. Боловсролын үнэ цэнийг, их сургуулийн дипломыг ч ямар ч хэрэгцээгүй болгосоор байгааг харсаар байж дуугүй суусаар байх уу? Энэ нь байгалийн жам ёсны өрсөлдөөнийг үгүй хийж эрдэм номыг эрхэмлэн дээдэлдэг оюунлаг ухаалаг залуучуудын минь тоог өдрөөс өдөрт багасгаж, бүхий л зүйлийг мөнгөний хэм хэмжүүрээр хардаг болгож төлөвшүүлж зөвхөн мөнгө олохын тулд ажилладаг механик машин болгон хувиргаж байгаад харамсаж байгаагаа энд юунд нуун. Оюутнуудад их л зүйлийг зааж сургаж өгсөн ачит багшдаа баярласан сэтгэлээ илэрхийлж бэлэг сэлт өгөхийг харин хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Харин хүний сайхан сэтгэлийг хөсөр хаяад , ичих нүүрээ элгэндээ наачихаад хэнэг ч үгүй алхаж явдаг, гуйгаад өгөхгүй бол гуядаж авах ёстой гэсэн сэтгэхүйтэй өнөөгийн багш сурган хүмүүжүүлэгчид маань харин иймхэн энгийн зүйлээс л авилгын үүд хаалга нээгддэг гэдгийг ойлгохгүй байгаа хэрэг гэж үү ? тэд ийм л зүйлийг мэдэхгүй анзаарахгүй өнгөрч байгаа гэж үү? Үгүй биз ээ. Дээд боловсролын салбар дунд эрдэмтэн багш нар болон холбогдох эрх мэдэлтнүүд авилгыг улам ихээр даамжруулж байгаа хэрэгт үнэхээр буруутай хэдий ч асуудал зөвхөн үүнд байгаа юм биш.
Өнөөдөр багш нарын цалин дунджаар 200’000 төгрөг энэ нь өнөөгийн хэцүүхэн цаг үед инфляци 30 хувь орчим хүрчихээд байгаа манай хүнд нийгэмд хаанаа ч хүрэхгүй гэдэг нь хэн бүхний өмнө ойлгомжтой шүү дээ. Харин багш чи ямар нэгэн аргаар ч хамаагүй мөнгө олж чадахгүй байгаа бол чиний хохь гэдэг энэ тогтолцоог яах вэ гэдэгт л асуудал байна.
Эрдэм номыг түгээн дэлгэрүүлэгч болоод удаагүй гэнэн цайлган сэтгэлтэй багшийг ч авилга хэмээх халдварт өвчин рүү түлхэн оруулдаг, энэ буруу замруу хөтөлж оддог гаж тогтолцоог харин яах вэ? Хүн төрөлхтний нийтээр хүлээн зөвсөөрсөн хүн бүр тэгш эдлэх ёстой эрх чөлөө гэгч зүйлийг үгүй хийж, нийгмийн шударга ёс, хэв журмыг алдагдуулж, хүнд сурталыг улам даамжруулж байгаа авилга, хээл хахуулийн хор хөнөөлийн эсрэг юуны түрүүнд бид нэгдмэл санаа зорилготой дуу хоолойгоо нийлүүлэн тууштай тэмцэж чаддаг байх нь хамгаас чухал гэж хэмээн бодож байна. Оюутнуудын төлөө, оюутнуудын эрх ашгийг хамгаална гэж байгуулагдсан Монголын оюутны холбоо ч юм уу бусад холбогдох байгууллагууд автобусны билетийг хямд өгөх ч юм уу ямар ч хэрэгцээгүй шоу диско тоглолт хийж нийгмийн халамжийг ихэсгэхийг шаардаж байхын оронд орвол гадаадын их сургуулиудтай оюутан солилцдог солилцоогоор хэн явж байна, сургуульд төлдөг сургалтын төлбөр яагаад оюутнууд бидэнд ил тод нээлттэй биш байгаад л байна, чанартай боловсролыг олж авъя сайн багшаар хичээл заалгая, хичээл дундуур орж гарч байдаг хичээл ордоггүй багш нар, ангид орж ирээд нэг номноос нэг цаас руу хуулан бичлэг хийлгэдэг энэ утгагүй боловсролын тогтолцоог өөрчилье таслан зогсооё гэж тэмцдэг байвал зохилтой.

Оюутан бид бүхний сургалтын төлбөр их байгаадаа ч биш харин төлсөн мөнгөнийхөө хэмжээгээр мэдлэгийг олж авч чадахгүй байгаад, бид бүхний үнэт цаг хугацааг хий дэмий өнгөрүүлж цагийг гарздаж байгаад л асуудлууд байна. Энэ нь өөрөө чанаргүй боловсролыг дагаад гарч ирж буй дүнгийн авилгын үүд хаалгыг нээж байна.

Бидний авсан судалгааны үр дүнд авилга Монгол улсын их сургуулиуд дээд боловсролын салбарт ихээхэн газар авсан байгааг харуулж байна авилга авдаг багш нар насны хувьд бараг ялгаагүй бүгд авилга авдаг байх юм. Эцэст нь хэлэхэд хүлээн зөвшөөрөөд эхэлсэн энэ авилга хэмээх өвчингийн эсрэг эрс шийдвэртэй тэмцэж, тодорхой дэс дараалсан арга хэмжээнүүдийг авч дээд боловсролын салбарт үүсч бий болоод буй авилга хэмээх өвчинг улам архагшуулж буй бүхэл бүтэн нарийн системчлэгдсэн энэ гаж тогтолцоог тас цохиж шинэ залуу багш удирдлагуудыг ажиллуулж хариуцлагыг чангатгаж дор бүрээ хяналт тавьж, иргэдийн төдийгүй дийлэнх оюутнуудын “ Энэ авилга авсан хүний талаар хэлээд надад ямар ашиг байх билээ дээ бүр ч гай болж мэднэ чимээгүй л явж байвал аминд өлзийтэй ” гэж боддог тэрхүү айдсыг арилгаж тодорхой арга хэмжээнүүдийг авч бид авилгын эсрэг тэмцэж чаддаг гэсэн тодорхой үр дүнгээ харуулж тэр гэнэн гэлтэй сэтгэлгээг нь өөрчилөх хэрэгтэй юм шиг. Чингэвээс бидэнд маш богихон хугацаанд сайхан үр дүнгээ харуулж сэтгэлд үргэлж зовлон болж байдаг авилга, хүнд суртал багасч дэлхийн өнөөгийн хөгжингүй улс орнуудын эгнээнд зэрэгцэн очиж, хүн төрөлхтний ирээдүйн давалгаа болж буй ардчилсан нийгмийн үр шимийг хүртэж манай улс өдрөөс өдөрт хурдацтай хөгжиж, нийгэм өдрөөс өдөрт нээлттэй болж, ирээдүй хойч үедээ бид өргүй үлдэх болно.

0 Сэтгэгдэл:

Post a Comment