Миний тэмдэглэл...

Бүх зүйл таны гарт...


"Хөгжлийн гарц" уралдаанд шалгарсан илтгэлийнхээ хэсгээс нь тавилаа... 2008 . 03. 30
Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болон Монгол улсын ерөнхийлөгчийг хамтад нь террористууд барьцаалжээ. Бөөн юм болж эцэст нь хоёр ерөнхийлөгчийг эх нутагт нь шүхрээр хаяхаар болов. Буш цонхоор хараад л энд эрх чөлөөний хөшөө байна миний эх орон гээд үсэрчихэв. Харин МУ-ийн ерөнхийлөгч нүдээ нэг хэсэг эргэлдүүлж байгаад л дэлхийн бөөрөн дээрх бөөн хар утааг хараад энэ миний эх орон миний гэр гээд үсэрчихэв ээ. Харин террористууд алмайран гайхаж хүн төрөлхтөнийг үй олноор устгах гайхалтай шинэ зэвсэг болох хорт утааг эрчимтэй бий болгоход улсаа ерөнхийлөн захирч байсан ноён Энхбаярыг Террористуудын загалмайлсан эцэг хэмээн хүлээн зөвшөөрч гавьяат цолоор өргөмжилжээ.

Дэлхийд цол гуншиний төлөө амиа өгөхөөс ч буцахгүй хоёрхон буурай улс байдгын нэг нь ардчилсан нийгэмд хөл тавиад нэгэнт 18-н жилийг ардаа орхин эрийн цээнд хүрсэн Монгол улс гэлцдэг.
Нийгмийн хамгийн дээд хөгжил буюу Коммунизмд хүрэхийн тулд социализмийн дэглэм дор өдөр бүр хичээнгүйлэн ажиллаж ирсэн бидний эцэг эх өнөөгийн Монголын энэ нийгмийг төсөөлж байсан болов уу? хүсч байсан болов уу? Дэлхийг цочирдуулан улс болгоны анхаарлын төвд байгаа Монгол улс энэ гамшигийн түвшинд хүрээд ч зогсохгүй хорт утаагаараа цаашид амьсгалсаар байх уу? Өнөөдрийн ардчилсан нийгэмд өсч хүмүүжиж буй Монгол улсын ирээдүй болсон шинэ үеийн залуус маань нүдэн дээр л үеэ өнгөрөөсөн социализмийн бүтээгдэхүүн болж төлөвшиж байгаа нь чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд манай оронд хэрэгжихгүй байгаагийн тод илрэл биш гэж үү? Бид ийм байдалд яагаад хүрчих вэ? Энэ байдлаас хэрхэн яаж гарах вэ? гэсэн асуултын хариултыг хэн өгөх бол гэдэг нь хүн бүрийн анхаарлын төвд байна. Ер нь “Энэ хүн ил задгай газар хог хаяж байгаа юм чинь би хог хаяж болно гэсэн сэтгэхүйгээ жаахан өөрчилж би хог хаяхаа боливол энэ хүн хог хаяхаа болино” гэсэн мөрдлөгийг зарчмаа болгох хэрэгтэй. Нийгмийг цогцлоон бий болгож буй Монголын ард иргэдийн дунд иргэний боловсрол хэмээх ойлголт тун дутмаг санагддаг. Хүн эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ биелүүлэх нь зөв бизээ. Гэхдээ л ардчиллын буянаар дэлхийн даяаршилд Монгол улс хөл зэрэгцэн алхаж нийгэм өдрөөс өдөрт улам нээлттэй болж өнөөдөр би өөрийн дуу хоолойгоо хүргэж байгаадаа баяртай байна.

Дэлхийн II дайны дараахан Хятад, Япон улсын хөгжлийн түвшин бараг ижилхэн байсан билээ. Яг энэ цаг үед л дэлхийн бүх улс орон тус бүрдээ улс орныхоо цаашдын хөгжлийн гарцыг тодорхойлж, хэрхэн яаж хөгжүүлэх талаар чухал шийдвэрүүдийг гаргасан. Тухайн үед Хятад улс үзэл санааны болон чиг хандлагын хувьд ахан дүүс Зөвлөлт Орос улс руу эх орныхоо ирээдүй болсон эх оронч залуусаа явуулжээ. Тун удалгүй эдгээр залуус улс орондоо эргэж ирж хүн бүр нэг будаа таривал 1 тэр бум будаа тарина гэсэн сэтгэхүйн дор өнөөгийн аж үйлдвэржсэн хүчирхэг Хятад гүрэнг бий болгосон. Харин Япон улс бүх тэргүүний залуусаа дэлхийн ихэнх улс оронруу явуулаад өнөөх залуус нь хэдэн жилийн дараа япон улсдаа эргэн ирж тухайн улс орнуудынхаа соёл иргэншил болон хамгийн ололттой талуудыг нь улсдаа бодлогын түвшинд хэрэгжүүлсэн нь өнөөгийн оюунлаг ард иргэдтэй Их наран улсын дүр төрхийг бий болгожээ. Манай илтгэлийн сэдэв магадгүй “Ногоон хувьсгал” ч юм уу эсвэл цөлжилтийг зогсоох талаар байж болох л байсан. Гэхдээ үүний үр дүнд одоогийн байгаа байдалд усалгаагүй хэсэг мод, хагалсан хэсэгхэн газар л нэмэрлэх биз. Тэгээд ч ногоон хувьсгал болон цөлжилтийг зогсоох төсөл нэгэнт хэрэгжин үр дүнгээ бидэнд харуулсан. Хэрвээ говийн нэгэн залуу хатаж байгаа ногоон төглийг хараад магадгүй гэртээ буцаж ороод шанага ч болов усаар услах болов уу? гэсэн асуулт оршсоор ирсэн. Тиймээс бид энэ залууг шанага ч болов усаар услах ч юм уу эсвэл ямар нэгэн усалгааны шинэ соргог санааг гаргаж хэрэгжүүлдэг байхыг үнэхээр хүссэн юм. Хүнд анх бичиж сургахын тулд харандаа цаас өгдөгтэй адилхан тийм л зүйлийг тэр залууд өгөх хэрэгтэй. Дэлхийн бүх хөгжингүй орны хуйларч буй мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжил дэвшилд хөл зэрэгцэн алхаж яваа говийн тэр нэгэн залуугийн сонирхлыг сүүлийн үеийн техник технологийн эгэл хэсэг болох компьютер болон интернэт гэх зэрэг мэдээллийн гайхалтай эх үүсвэрүүд нь өөрийн эрхгүй татна гэдэгт би итгэлтэй байна. Мэдээлэл технологийн эрин 21-р зууныг дэлхийд хүлээн зөвшөөрч байгаа энэ цаг үед МУ-ийн ерөнхийлөгчийн санаачилгаар улс орны ирээдүй болсон хүүхэд бүрийг компьютержүүлэх аян хэрэгжиж эхэлсэнд бид ихэд олзуурхан сэтгэлд таатай хүлээн авч байгаа болно. Хамгийн гол нь бид бүхний сэтгэлийг зовоож буй томоохон асуудал нь тодорхой цаг хугацааны дараа ямар нэгэн барьцаалан зээлдүүлэх газар энэхүү компьютеруудаар дүүрчихвий гэж эмээж байна. Ер нь үнэгүй юманд хүн хайхрамжгүй ханддагийн адилаар хүүхдийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох тэр өчүүхэн компьютерийг нь магадгүй аливаа зүйлийг мөнгөний хэм хэмжүүрээр хардаг мөнгийг илүүд үздэг бүдүүлэг аав, ээж (ах, эгч) нар нь тухайн хүүхдийн гарт нь өгөлгүйгээр хэрхэн яаж зөв зүйтэй ашиглах талаар нь зааж зөвлөхөөс илүүтэйгээр зарж борлуулах эсвэл барьцаалан зээлдүүлэх газарт худалдаад байвал яах вэ? ийм эмгэнэлт байдалд хүрвэл яах вэ? Тиймээс бид хатаж буй мод, ширгэж буй гол, байнгын шороон шуургыг зогсоох талаас нь шинэ соргог санаа гарган хэрэгжүүлдэг тухайн хүний зөв төлөвшлийг олгохын тулд говийн тэр нэгэн залууд мэдээллийн гайхалтай үнэ цэнийг ойлгуулах хэрэгтэй гэж үзсэн юм. Тэр залуугийн гарт компьютер өгсөнөөр үзэг, дэвтэр авах шаардлага үгүй болно. Магадгүй энэ залуугийн байнгын хэрэглэдэг бал болон дэвтрүүдийн үнэ нь компьютерийн үнээс ч илүү өртөгтэй болох биз ээ. Компьютерийг зөв зүйтэй ашиглаж эхэлснээр хичээлээ хийж интернэтээр аялж бүхий л төрлийн мэдээллүүдийг маш богино хугацаанд авч, эдийн засгийн хувьд ч томоохон хэмнэлт гарч хэн нэгэн хүнтэй алсын зайнаас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурч төлөвшиж цаашлаад мэдлэгийн цар хүрээ өсөн нэмэгдсээр өөрийнхөө хөгжлийн гарцыг тодорхойлоход илүү дөхөм болно гэж бодож байна. Мэдлэг бол хүч байдгийн адилаар 21-р зуунд мэдээлэл нь асар том хүч болжээ. Өнөөдөр таны гарт интернэт байгаа бол хил хязгааргүй бусадтай харилцан үзэл бодлоо нээлттэй солилцож, хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг уншиж, сонирхдог дуу болон тоглоомуудыг татан авч хараахан дэлгэцнээ гараагүй киног үзээд сууж байна гэдэг хэтэрхий энгийн болчихож. Хэн байх нь юу мэддэгээр нь хэмжигдэж л байгаа бол өөрийнхөө шинэлэг санааг интернэтээр чөлөөтэй илэрхийлж, өөрийн санаачилсан зүйлийн оргил өөд ямар нэгэн саадгүйгээр итгэл төгс тэмүүлж чадна. Өөрт хэрэгцээтэй, өөрийн хүсэл шаардлагад нийцсэн ямар нэгэн зүйл жишээ нь зургийн аппарат авахын тулд хэдэн цагаар дэлгүүр хэсч, дэмий тэнэхийн оронд шууд л интернэтэд суугаад хайхад таньд секундыг хэдэн зуу хуваасантай адил хугацааны дотор л тухайн мэдээлэл төрөл бүрээрээ гарч ирэх маш том лавлах интернэтийн ертөнцөд бий. Хаана ч томилолтоор явж байсан ажлынхантайгаа хуралдаж, хүүхэддээ үлгэр ярьж өгнө гэдэг яах аргагүй 21-р зуун.
Дэлхийн өнөөгийн улс орнуудын секунд тутамд хязгааргүй өсөн нэмэгдэх тэр чухал мэдээллүүд, хором тутамд шинэчлэгдсээр байгаа сүүлийн үеийн техник технологиуд, өдрөөс өдөрт шинээр мэндэлж буй томоохон нээлтүүд гэх зэрэг амин чухал мэдээллүүдийг манай орны болон америкийн нэгдсэн улсын үе тэнгийн хүүхдүүд адил түвшинд олж авч чадаж байгаа болов уу?
Дундговь аймгийн хүүхдийн хувьд мэдээллээс ангид байгаа нь зурагнаас илт байна. Монгол хүний гэнэн цагаан сэтгэлээр камер руу харж буй энэ охин үе тэнгийнх нь найз дэлхийн нөгөө өнцөгт камер руу харах ч сөхөөгүй мэдэх гэсэн эрмэлзэл дүүрэн “мэдэхгүйтэй” дайн зарлан завгүй байгааг мэдэх болов уу? Мэдээллээс хол байна гэдэг мэдлэгээс хол хөндий байна гэсэн үг. Энэ өсч яваа жаахан охин их олон зүйлийг мэдэхийг хүсдэг. Тиймээс ч компьютертэй болохыг мөрөөддөг. Бид ийм л орчинг ирээдүйд бэлдэж байна. Харин Америкийн 14-н настай охин мэдээллийг хаанаас олохоо мэддэг яаж ашиглахаа ч мэддэг тэр охиныг төрхөд л дэргэд нь компьютер байсан интернэт ч байсан. Бид яагаад дэлхийн шилдэг өндөр хөгжилтэй аймаг хот болж болохгүй гэж. Яагаад манай 14-н настай охин Америк охиноос ч илүү оюунлаг болж болохгүй гэж. Эцэст нь хэлэхэд одоо байгаа хуучин байшинг засч сайжруулах нь дахин шинэ байшин барихаас 2 алхам хоцордог шүү дээ!
Бид агуу их эзэн Чингис хаанаараа олон зуун жил гоёлоо харин одоо Монголынхоо ирээдүйдээ ухаалаг олон удирдагч олон чингисийг бий болгох хэрэгтэй байна хүн бүр оюунлаг сэтгэдэг болчихвол нийгэм аяндаа цэвэршиж улс орны хөгжилийг гарц тодорхой болно биз ээ...

0 Сэтгэгдэл:

Post a Comment