Миний тэмдэглэл...

Бүх зүйл таны гарт...

Дэлхийн улсуудын үзэл, сэтгэлгээний хөгжил нь өмнөх мэргэдийнхээ бичиж туурвиж үлдээсэн ном судар, өөрөөр хэлбэл оюуны өв сан дээр дараагийн үеийнх нь шинийг нэмж хуримтлуулах замаар явагдсан байдаг билээ. Сайхан амьдрал, сайхан цаг, сайхан ирээдүйг бий болгохын тулд бид сэтгэлгээндээ өөрчлөлт хийж эд хөрөнгө, эрх ямбыг эрхэмлэх бус танин мэдэх, бүтээн хөдөлмөрлөхийг эрхэмлэж үнэ цэнэтэйд тооцох хэрэгтэй. Тийм өөрчлөлтөөс, тийм гэгээрлээс, миний, таны, та бидний амьдрал, үндэстний ирээдүй хамаардаг билээ. Хүний оюун ухаан гэдэг нь тэнгэрлэг хүчтэй зүйл. Хөгжингүй орнуудад хүн зөвхөн оюутан сурагч байхдаа сурдаг гэж бодохгүйгээр насан туршдаа өөрийгөө хөгжүүлж байх эрмэлзэлтэй байдаг байна. Тархиа үргэлж ажиллуулж сэргэлэн цовоо байлгаснаар залуу насаа хадгална гэж ч үздэг юм билээ. Амьдрал өөрөө их сургууль юм, хоосон номоор юугаа хийнэ гэдэг сэтгэгчид олон бий. Би үүнтэй санал нэг байдаг. Амьдрал бидэнд алхам тутамд хорвоогийн үнэнийг мэдрүүлж, сануулж байдаг билээ. Бидний ихэнх нь Монгол оронд магадгүй Улаанбаатар хотын хоёр дүүргийн хооронд, ажил гэрийн завсарт л амьдралынхаа ихэнх цагийг бардаг биз. Тэгвэл дэлхий дээр Монголоос өөр маш олон улс үндэстэн оршиж, тэд өөр өөрийн үзэл сэтгэлгээ, үнэлэмжээр амьдарсаар л байна. Монголын нийгэмд үнэн байдаг юм өөр нийгэмд заавал үнэн байх албагүй. Та бид 100-н жилийн өмнөх явдлыг биеэрээ мэдэрч, туулж чадахгүй. Дундад зууны үе, эртний үе гээд явбал бүр худлаа болно. Тэгвэл ном гэдэг юмаар дамжуулж орон зай, цаг хугацаанаас үл хамааран эрдэмтэн мэргэдтэйгээ уулзаж, тэр үеийн болсон явдалтай танилцаж, арьс үндэс өөр байлаа ч хамаагүй хүний түгээмэл хэл оюун ухаанаараа харьцаж чаддаг билээ. Хүн төрөлхтний мянга мянган жилийн буурал түүхэнд олон зуун суут эрдэмтэн мэргэд , философичид төрөн гарч, байгалийн нэгэн жам ёсоор хорвоогийн мөнх бусыг үзэж, цаасанд түүх болон нэрээ мөнхлөн үлдээсэн байдаг. Тэгээд тэд зүгээр хорвоог орхихгүй, олон сайхан амьдралд хэрэгцээтэй зүйлийг хэлж бичээд ном болгон үлдээсэн байдаг. Гэтэл та бид хэзээ болтол өөрт байгаа өчүүхэн жаахан мэдээлэл дотроо эргэлдэж хар ухаанаараа эцэс төгсгөлгүй бясалгаж явах билээ. “Эрүүл биед саруул ухаан” гэж монгол ардын цэцэн үг байдаг. “Саруул ухаанд эрүүл бие” энэ үгэнд би монгол ардын цэцэн үгнээс ч илүү дуртай. Ухаан нь саруул хүн эрүүл байх бүхий л нөхцөлийг удирдаж зохицуулж чаддаг. Хүний оюун санаа биеэ залдаг, харин хүний бие оюун санаагаа залж чадахгүй шүү дээ. Саруул сэтгэж эрүүл мэнддээ анхаарлаа хандуулж байх нь тун хэрэгтэй зүйл. Өвчин тусах нь муу зүйл сэтгэлийн зовлонг ихээхэн нэмдэг. Монгол орны ирээдүй нь болж буй залуучууд бид гадаад ертөнц рүүгээ нүдээ нээж, гадаад ертөнцтэйгээ хөл зэрэгцэн алхаж хамтдаа ухаалаг ард иргэдтэй хөгжингүй Монгол орныг бүтээн байгуулъя гэж уриалмаар байна. Гадаадад сурч боловсроод галуу шувууны мах идсэн хүн арай илүү зөв зүйл ярьдаг гэсэн яриаг та өмнө нь сонсож байсан биз дээ. Энэ бол үнэндээ тийм юм үзэж нүд тайлсан хүн л юмны учрыг арай илүү ойлгодог. “Өндөрт нисдэг шувуу алсыг хардаг”. Өнгөрсөн одоо хоёртойгоо зууралдахаа больё залуусаа. Ирээдүй залуучууд бидний гарт байна. Хорвоо ертөнц мөн биднийх. Ирээдүй яг энэ цаг мөчөөс эхэлдэг.

0 Сэтгэгдэл:

Post a Comment