Миний тэмдэглэл...

Бүх зүйл таны гарт...

Намайг 8-р ангид байхад миний төрсөн ах 10-р ангийн төгсөлтийн монтажнийхаа зургуудыг үзээд сууж байсан юм. Тэр дунд нь нэг цаас хавчуулчихсан байсныг нь би олж хараад дэлгэн унштал төгсөгчдөөс асуусан нэгэн сонирхолтой асуулт дурсамж болон үлдсэн байх юм. Та ирээдүйгээ ямраар төсөөлж байна? гэсэн асуулт байсан санагдана. Олон хүүхэд их сонирхолтой, гайхалтай хариулт өгсөн байсан. Харин ах юу гэж хариулсан нь их сонирхолтой санагдаж унштал “Би ирээдүйгээ оюуны боолчлолд орохгүйгээр төсөөлж байна” гэсэн зүйл бичсэн байсан. Оюуны боолчлол гэж юу юм бол юуг хэлээд байгаа юм бол гэсэн асуулт тулгарсан цагаас хойш би олон зүйлийн учир шалтгааныг тайлах гэж оролдсоор өнөөдрийн байдлаар сониуч хүн болсон байна. Магадгүй энэ миний амьдралын огцом өөрчлөлт байсан байж мэднэ. Манай үеийнхэн өнөөгийн оюутан залуус бид л хөгжингүй Монгол улсын эхний үеийнхэн болж чадна гэдэгт би итгэдэг. “Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна” гэсэн нэртэй номыг солонгосын ДЭҮ компанийн эзэн Ким Ү Жүн бичиж гаргасан билээ. Их сонирхолтой ухаарлыг өгсөн ном. Тэрээр хэлэхдээ “Би юм л хийж байх дуртай. Ерөөс зүгээр сууж чаддаггүй. Хорвоод хамгийн хэцүү юм бол юу ч хийхгүй зүгээр суух гэж би боддог. Зарим хүн зүгээр суухыг “амралт” гэж хэлж магадгүй боловч миний хувьд бол эсрэг байр суурьтай. Юу ч бай хамаагүй хийх л хэрэгтэй. Хийгээд ирэхээр ажил аяндаа ундраад ирнэ” гэж хэлсэн байдаг. Ер нь залуу ажилсаг хүн олон байж түүхийг баяжуулж, хорвоогийн шинэ хязгаарыг нээж чаддаг. Залуу эрч хүчтэй ажилсаг хүн саад тотгор зовлон бэрхшээлээс айдаггүй. Ганц хоёр удаа эндэж буруутсан ч түүнийгээ даван туулах зориг тэвчээртэй байдаг. Хорвоо дэлхий уудам хийх зүйл их байна. Залуухан эрч хүчтэй зориг тэвчээртэй хүн л хэний ч хүрж очоогүй газар очихыг хүсч, хэний ч хийж үзээгүй ажлыг хийхийг хүсдэг. Тийм зүйлийг араас мэрийдэг хүмүүсийн ачаар л түүх алхам алхамаар урагшилж ирсэн. Шинийг эрэлхийлэх үзэл санаагаар найдвартай зэвсэглэгдсэн олон олон ухаалаг залуучуудтай болсон үед л манай улс үндэстний соёл иргэншил цэцэглэн хөгжиж өсөн дэвжинэ гэдэгт би итгэдэг. Харин алмайран залхуурч, шинийг эрэлхийлэн бүтээхээс зайлс хийсэн уур амьсгал газар авсан улс оронд нийгэм торойтож ард иргэд нь ядуурч хоосорч оюуны боолчлолд автаж, соёл ингэншил нь доройтон мөхдөг гэдгийг түүх бидэнд бэлээхнээ гэрчилэн харуулдаг билээ. Эзэн Чингис хаанаараа дэлхий дахинаа гайхуулан бахархаж байдаг олон зуун жилийн түүхтэй Монгол улсын өнөөгийн нийгэмд энэ цаг үед шинийг эрэлхийлэн тэмүүлэх үзэл санаа их дутмаг тал ажиглагдаж байна. Өнөөдөр дэлхий дахинд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж буй хөгжингүй улс орнуудтай өөрийн орныг харьцуулан үзвэл улс орны минь хүч чадал ихээхэн хоцорч яваа гэдгийг ойлгох ёстой. Хүн ер нь хаана хөгжил дэвшил байна, хаана сайхан амьдрал байна тийшээ хуйларч байдгийг буруутгах аргагүй. Гэхдээ ялангуяа залуучууд эх орноосоо харийн оронд сурч боловсрох бус зөвхөн ажил хийж мөнгө олохын тулд явдаг болсон нь миний сэтгэлийг их зовоож байна. Ирээдүйн хөгжингүй Монгол улсын дүр төрхийг маш богинохон хугацаанд залуучууд бид л бий болгож чадна. Бид ч тэгэх ёстой энэ үүргийг МУ-ын иргэн хүн болж төрөхдөө л ухамсарладаг. Энэ улсдаа Монголчууд бид л иргэн л болж эзэн нь суух ёстой. Харин оюутан залуучууд бид маш сайн сурч боловсрох ёстой. Тэр тусмаа дэлхийн хөгжингүй орнуудын соёл иргэншилтэй танилцаж тэднээс суралцаж эргээд эх орондоо ирээд тухайн улс орныхоо хамгийн ололттой талуудыг хэрэгжүүлнэ гэдэгт би итгэж байна найдаж байна. Залуучууд аа, хорвоо ертөнц уужим, хийх зүйл их байна шүү дээ. Гэвч нэг л замаараа сажилж явдаг, нэг л зүйлийг байнга давтан хийдэг хүнд тийм биш байх л даа. Тийм хүнд өөрийнх нь төсөөлж байгаачлан давчуу, уйтгартай, мөнөөх хийдгээс нь өөр ажил олдохгүй биз. Манай гараг огторгуйн хязгаар уудам дах цэг гэмээр жижиг давчуу хэдий ч хараахан хөл тавиагүй газар олон бий. Хийж бүтээгээгүй, хийж байгаагүй зүйлс төдийгүй хорвоо ертөнцөөс энэ уудам тал нутгаас сурч мэдэх зүйл өч төчнөөн байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment