Миний тэмдэглэл...

Бүх зүйл таны гарт...

2009 оны 12 сарын 3-нд шалгарсан "Хорьтой ардчилал ба алдаа оноо" сэдэвт илтгэлийн уралдаанд оролцсон илтгэлээсээ тавилаа... Хүлээж байсан хүмүүст зориулав.

ХОРЬТОЙ АРДЧИЛАЛ

Социалист, коммунист, фашист, нацист гэх мэтийн үзэл суртал нь хүн төрөлхтний жам ёсны хөгжилийн гажуудал маягаар үүсч төрийн энгийн, шудрага зарчмыг ихээхэн өөрчилжээ. Манайд тогтож байсан коммунист зарчим нь ард түмэн өмчтэй байхыг хориглож, төр бүхнийг хариуцах болсон. Улмаар Төр ард түмний төлөө биш , ард түмэн төрийн төлөө амьдарна гэсэн урвуу зарчим гарч ирж байгаа нь харамсалтай. Түүхийн туршид фашист , коммунист дэглэмүүд гэр бүлийн эсрэг дайн зарлаж, хүүхдүүдийг эцэг эхийнх нь эсрэг эхнэрийг нь нөхрийнх нь эсрэг залуу үеийг ахмадуудынх эсрэг сөргүүлэн тавьж байсан нь төр өөрийн зорилгод ашиглах мэдээллийг олж авахыг эрмэлзэж хүмүүсээс ердийн үед гэр бүлийнхээ төлөө зориулдаг үнэнч сэтгэлээс ч илүүтэйгээр төрд үнэнч байхыг сурган шаардсаар ирсэн билээ. Бид ийм л нийгмийн золиос болсон ахмад үеийнхээ гашуун туршлагад тулгуурлаж өнөөгийн ардчилсан нийгмийг сонгож энэ замаар явж байгаа нь ихээхэн зөв алхам болжээ хэмээн санагддаг юм.

Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн цаашид ч туршигдах байх. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр , хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Гэхдээ улам олон улс орон ардчиллын системийг хүлээн зөвшөөрөх болж , ардчилал хүн төрөлхтний ирээдүйн давалгаа болж байна. Ардчилсан улс орон болгон өдрөөс өдөрт улам хурдацтай хөгжиж, нийгэм өдрөөс өдөрт улам нээлттэй болж, дэлхийд даяршил ид явагдаж байна.
Хүн төрөлхтний жам ёсны хөгжил рүү бид 1990 онд орсон. Улс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй хүмүүс эрх мэдлээ буруугаар ашиглахад ямагт бэлэн байдаг билээ. Ардчилал бол хүмүүсийн үндсэн эрх , эрх чөлөөг хамгаалж тийнхүү буруугаар ашиглах явдлаас илүүтэй сэргийлж чадах тогтолцоо мөн хэмээн би итгэдэг. Ардчилал нийгэмд ололттой маш олон зүйлүүдийг авч ирж байна.
Ардчилал гэж юу юм бэ? Ардчиллыг бусад хүмүүс юу гэж ойлгодог бол? Ардчилал Монголд яаж хөгжих бол? гээд л ардчиллын талаарх асуултууд зөндөө байдаг. Энэ бүх асуултанд fc гэдэг хүний хувийн өнцгөөс харсан тайлбарыг хийвэл. Ардчилал гэдэг үг нь грекийн "демос" буюу "ард түмэн", "кратос" буюу "засаглал" гэсэн 2 үгний нийлэмж бөгөөд утгачилбал "демократ" буюу "ард түмний засаглал" гэсэн утга санааг илэрхийлж байдаг үг болох ажээ. Ардчиллыг тодорхойлсон олон арван тодорхойлолтууд байдаг боловч бүгд 100% дэмжигдээгүй бас 100% үгүйсгэгдээгүй. Учир нь дээрх тодорхойлолтууд нь ардчилал гэдэг зүйлийг аль нэг өнцгөөс нь л тайлбарласан маш ерөнхий байдагт оршино. Хүн бүр өөрийн гэсэн бодолтой тул ардчиллыг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэлдэг. Гэвч ихэнх тохиолдолд ардчилал нь хүмүүсийн дунд ард түмний засаглал, эрх чөлөө, чөлөөт сонгуулийн систем буюу боловсронгуй нийгмийн тухай үзэл санаа гэсэн маш олон утга санааг илэрхийлж байдаг. Өөрөөр хэлбэл "эрх чөлөөг хуулиар баталгаажуулахыг ардчилал гэнэ" гэж хэдхэн үгээр ч хэлж болох л юм. Манай орны хувьд ардчиллын замаар замнаад нэгэнтээ 20 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд ардчилал хөгжиж дэвшисээр ирсэн. Үүнтэй хэн ч маргахгүй бизээ. АНУ-тай харьцуулахад манай оронд ардчилал жинхэнэ утгаараа хөгжиж чадаагүй боловч уг ёсондоо нийгмийн ямарваа нэг тогтолцоо нь өөрөө жинхэнэ утгаараа бий болохын тулд дор хаяж 30 жилийг туулдаг шүү дээ. Тиймээс ч 20 жил гэдэг дээрхээс авч үзвэл талаас илүү гараад явж байна гэсэн үг юм. 10 жилийн дараа манай оронд ардчилал хэр хөгжсөн байх бол? үүнийг би одоогоор хэлж мэдэхгүй. Ирээдүйг тааж хэлнэ гэдэг бол учир дутагдалтай зүйл шүү дээ.
Гэхдээ амны билгээс ашдын билэг гэдэг болохоор ардчилал Монголд бүрэн утгаараа хөгжиж жинхэнэ ардчилсан иргэдтэй, ардчилсан улс болно гэж би итгэж, мөн найдаж байна. Харин ийнхүү хөгжихийн тулд бидэнд их олон зүйлсээс суралцах хэрэг гарч ирнэ. Ардчилал нь өөрөө эрх чөлөөг илэрхийлэх гэсэн утгатай боловч манайхан нэг л явцуу утгаар үүнийг ойлгоод байх шиг. Нэг хүний эрх бусад хүмүүсийн эрхээр хязгаарлагдаж байдаг төлөөллийн ардчиллын замаар явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Цээжээ дэлдээд ардчилал гэж яриад явахдаа гол бус ардчилал гэдэг зүйлийнхээ жинхэнэ утга санааг ойлгох нь чухал хэмээн үзэж байна. Эрхээ эдэлж байгаа бол үүргээ ч бас хүлээх чадвар, ухамсар, хариуцлага Монгол улсын иргэн бүрт байх ёстой. Би юу гэх гээд байна вэ? гэвэл ардчиллыг бид олон өнцгөөс нь харах цаг нь болжээ.
Сүүлийн үед ардчилал бол "засаглалын сүүлчийн хэлбэр" гэсэн тодорхойлолт дэлхий нийтэд түгэж байна. Өнөөдөр дэлхийн олон орон барууны либерал ардчиллаар хөгжиж байгаа ажээ. Харин энэ хэлбэрийг хязгаарлагдмал, хуурамч гэж үздэг зарим орон социализмын үед "ардчилсан, ард улс" гэсэн нэршилтэй явдаг байсныг бид мэднэ. Одоо ч тухайлбал, Хойд Солонгосын хувьд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс гэж нэрлэгддэг.
Ардчилсан гэх бүх орон ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байна уу гэвэл үгүй. Өнөө үед дэлхийн бараг бүх улс өөрсдийгөө ардчилалтай гэх боловч өдөр тутмын мэдээ, мэдээллээс аль нэг оронд шударга бус сонгууль, иргэдийн эрх зөрчигдсөн тухай нэлээдгүй сонсогддог билээ. Тэгэхээр ардчилал гэдэг нь өөрөө их урт хугацааны турш бүрэлддэг үйл явц ажээ.
Монгол улс 1990 онд ардчилалд шилжсэнээр иргэд нь эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг олж авсан билээ. Түүнээс хойш өдгөө 20 дахь жилээ (өнгөрөгч оны долдугаар сарын 1-ний үймээнийг эс тооцвол) бусад орноос хавьгүй тайван замаар хөгжүүлж байгаа гэхэд буруудахгүй болов уу. Энэ хугацаанд Монгол улс ардчилал хөгжиж байгаа явцаараа дэлхийд үнэлэгдэж, дээгүүр байр суурь эзэлдэг болсныг Дэлхийн банк, Олон улсын валютын сан, АНУ, Баруун Европын орнууд гээд олон байгууллага, улс орон онцлон тэмдэглэж, магтсан байдаг. Түүнчлэн өнгөрөгч долдугаар сард манай улсад албан ёсны айлчлалаа хийсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун бусад орнуудыг манайхаас үлгэр жишээ аваасай хэмээн уриалж байсан. Мөн Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд дэлхийн томоохон гүрнүүд манай орныг зуучлагчаа болгодог гээд олон жишээ дурьдаж болно.
Өнөөдөр Франц оронд хэрэгжиж буй хуулийн үнэ цэнэ маш өндөр бөгөөд бараг хүн бүр зөвхөн хуулийн өмнө хүчин мөхөс гэдгээ ухамсарласан байдаг.
Монгол улс төрийн байгууламжын хувьд Францын нэрт эрдэмтэн Монтескьегийн ангилсанчлан хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал гэсэн бүтэцтэй л дээ. Гэхдээ УИХ-ын гишүүд Засгийн газрын ажилд оролцох, эсвэл танхимын гишүүн хууль бус аргаар гүйцэтгэх эрх мэдлийг гартаа авсан тохиолдолд энэ нь бүтэц, чиг үүрэг, мөн чанарын хувьд Ардчилсан нийгэм байж чадахгүй. Энэ нь олигархийн засаглал бөгөөд цөөн хэдэн хүнд эрх мэдэл, эд баялаг хуримтлуулах боломж олгоод араасаа баялагийн тэгш бус хуваарилалт, ядуурал, бүр хувьсгал дагуулах аюултай. Өнөөгийн Монголын нийгмийн үнэн төрх ийм байна уу даа гэсэн эмзэглэл дотор минь байсан учраас ичиж айлгүй хэлж байна.
Нийгэм бүхэлдээ хямарч, улс төр авилгалд идэгдэхээс сэргийлэх бүрэн эрх мэдэл гагцхүү шүүх засаглалд ногдсон байдаг. Харамсалтай нь Монгол улсад шүүх засаглалын эрх мэдэл хязгаарлагдмал бөгөөд, оногдсон эрх мэдлээ ч бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Шүүж засаглах мөн чанараасаа эхлээд шүүх хурлын дэг хүртэл засаж залруулах хуулийн заалт, шинэчилж найруулах шаардлагатай үг өгүүлбэр олон байна. Шүүх засаглал УИХ, Засгийн газрын алинд ч үл харъяалагдах бөгөөд тэдэнтэй нэгэн адил засаглалыг хэрэгжүүлэгч субъект юм.
Хууль хүмүүсийг шийтгэхэд бус хамгаалахад чиглэдэг гэдгийг хууль, эрхзүйн актуудад илүү ойлгомжтой тусгаж өгвөл төр болон олон нийтийн харилцаанд дорвитой шинэчилэл гарах нь эргэлзээгүй юм. Хууль нь зөвхөн нийгмийн харилцааг бус хамтын амьдралын хэм хэмжээ, хүний үйлдэл бүрийг зохицуулж байх учиртай. Хуулийн үзэл санаа номд өгүүлсэнчлэн бүх ард түмэн хуулийн мөн чанарыг ойлгож байж, ардчилсан нийгэм жинхэнэ утгаараа оршин тогтнох болно.
1990 оноос эхлэлтэй Монголын ардчилал тухайн жилүүдэд эерэг үзүүлэлттэй байсан. Харин сүүлийн 10-аад жилд Монголын ардчилал хөгжих биш ухарсаар байна гэх дүгнэлтийг олон улсын ажиглагч, судлаачид хэлж байна. Тэдний нэг бол Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Марбург хотын их сургуулийн профессор Шиллер юм. Тэрбээр “Монголын ардчиллыг ухарч байгааг гурван үзүүлэлтээр нэрлэж болох юм. Нэгдүгээрт, Монгол Улсад бүх шатны сонгууль шударга бус явагдаж байна. Хоёрдугаарт, шүүх засаглал хүний эрхийн баталгааг ханган ажиллаж чадахгүй байна. Гуравт, Монгол оронд авилга газар авсан байна. Дээрх гурван үзүүлэлт Монголын ардчиллыг хөгжих биш ухарч байгааг илэрхий харуулж байна” гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сүүлийн сонгууль ардчилалд дөхсөн сонгууль болсон гэж ноён Шиллер үргэлжлүүлэн ярьсан. Тэрбээр 20 жил хөгжсөн Монголын ардчилалд олон улсын хэм хэмжүүрээр “C нэмэх” гэсэн дүн тавилаа. Ийм дүн тавих болсон, мөн хөгжих биш ухарч байна гэж дүгнэсэнд хамгийн их нөлөөлсөн зүйл бол 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн, эмх замбараагүй байдал, иргэдийг хоморголон баривчилж, тэдний хэргийг шүүх засаглал үнэн зөвөөр нь шийдвэрлээгүй, иргэдийн эрхийг хамгаалаагүй явдал гэж мэргэжилтнүүд онцолж байна. Ардчилал хөгжсөн улсуудад дараах зарчмууд бүрэн хэрэгждэг байна.
1. Хүний эрх, эрхийг дээдлэх,
2. Улс төрийн тавцанд бүгд тэгш эрхтэй байх
3. Эрх мэдэлд хүрэх зам бүгдэд нээлттэй байх
4. Ил тод буюу тунгалаг байж, бодит үндэслэлтэйгээр асуудлыг шийддэг байх.
5. Улс төрийн бодлого шийдвэр нь үр өгөөжтэй байх гэх мэт.
Дээр дурдсан зарчмууд бол Ардчиллын шидэт таван хошуу. Харин манай улсад Ардчиллын шидэт таван хошуу хэмээн нэрлэж болохуйц зүйлс утга төгс хэрэгжихгүй байгаа нь эрдэмтдийн дүгнэлтээр ил болж байна гэхэд нэг их хол зөрөхгүй биз.
“Ардчилал” гэдэг үгийн сонгомол утга нь 7 зүйлийг нэхдэг. Үүнд:
• Бүх нийтийн чөлөөт сонгууль
• Төрийн удирдлагыг шударгаар сонгох, томилох
• Нийгмийн гишүүд ижил, тэгш эрхээр хангагдах
• Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө
• Мэдээллийн олон эх сурвалж
• Иргэдийн үүсгэл санаачлагын байгууллагуудын бие даасан байдлыг хангах
• Иргэдийн олонхийн шаардлагаар өөрчлөгдөх чадвар бүхий уян хатан төр
Өнгөц харахад энэ бүхэн монголд ямар нэг хэмжээгээр бий. Үндсэн хуулиар эдгээрийг тунхагласан, хамгаалсан. Гэвч 200 гаруй жил ардчиллыг хөгжүүлж, хэлбэржүүлсэн орнуудтай харьцуулахад бид яагаа ч үгүй байна. Монголын ардчилал өлгийндөө байна гэж хэлж болно. Хамгийн ихээр санаа зовоож байгаа зүйл бол нийгэм баян хоосны туйл руу шахагдаж, ижил тэгш эрх алдагдаж байна. Би ижил тэгш эрх гэдэгт коммунист маягийн тэгшитгэлийг хэлээгүй гэдгийг ойлгож байгаа байхаа.
Нийгмийн олонхийг бүрдүүлж байгаа дунд давхаргын төлөвшилд авилгалд автсан төр, төрөөс төрсөн хэт баячууд саад тотгор учруулж байгааг хэлж байна. Иргэдийн дуу хоолойг илэрхийлэх ТББ-уудыг ч худалдан авах, тодорхой зорилгод чиглүүлэн хөлслөх үзэгдэл мэр сэр гарч байна. Эдгээрээс үүдээд “Монголын ардчилал хаашаа явж байна?” гэсэн эргэлзээ гадаад, дотоодынхонд өөрийн эрхгүй төрж байгаа гэж боддог. Үүнийг яаралтай засч залруулах ёстой. Тийнхүү эрх нь ард түмэнд бий. Үндсэн хуулиараа бид парламентын засаглалыг тунхаглачихсан. Энэ бол яах аргагүй төрийн тогтолцооны ардчилсан хэлбэр. Гэхдээ ард түмний зүгээс сонгогдсон төрөө хянах, шахах механизмыг орхигдуулснаас парламентын засаглалд эргэлзэх сэдэл бий болоод байгаа шүү дээ. Үүнийг нь бий болгочихвол хоёр аварга гүрний завсар мөнхөд хавчуулагдах Монгол улсыг бусдын нөлөөлөлд автуулагдуулахгүй байх цор ганц засаглалын хэлбэр бол энэ гэж би хувьдаа үзэж байна.
Нобелийн шагналт, эрдэмтэн Ф.Хаек “Нэг төрлийн догматик олонхийн засаглал нь ардчиллыг дарангуйллаас долоон дор, тэвчишгүй зүйл болгон хувиргадаг” гэж бичсэн байдаг. Домогт эдийн засаг ч М.Фридман төрийн хийх ёстой зүйлийг дараахь байдлаар тодорхойлсон байдаг.
1. Иргэдийн амь нас, эд хөрөнгийг гадаад, дотоодын халдлагааас хамгаалах(цэрэг, цагдаа, шүүх,эмнэлэг)
2. Мөнгөний бодлого, урсгалыг хянах (төв банк)
3. Нийтээрээ ашиглах дэд бүтцийг бий болгох(зам, харилцаа холбоо)
4. Хөдөлмөрийн чадваргүй иргэдээ халамжлах(нийгмийн халамж)
5. Байгалийн баялаг, хүрээлэн байгаа орчныг хамгаалах
Тэгвэл Монголын төр энэ үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байж, оролцохгүй юмгүй, хийхгүй зүйлгүй данхайсан том бүтэцтэй болж нийгмийнхээ хөгжлийг түргэсгэх бус саад болдог хүчин зүйл болоод байна. Төсвийн зардал нь дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 60 хувьд хүрч байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ бол дампуурал. Төр улсын хамаг мөнгийг хуваарилж, зарцуулдаг байгаа нь авлигын голомтыг үүсгэж байна. Хүнд суртлыг хөгжөөж байна. Иргэдийн бие даах, төрөөс хамааралгүй амьдрах боломжийг хязгаарлаж байна.
Ардчиллыг шинэ шатанд гаргах, эдийн засгийн эрчимтэй өсөлтөнд эх орноо хүргэх тал дээр эдийн засагч, нийгмийн зүтгэлтэн хүмүүс “Иргэн баян бол улс баян” гэдэг зарчимыг баримталж үүнийг ажил хэрэг болгох хэрэгтэй юм шиг санагддаг. Иргэд эдийн засгийн эрмэлзлэл, сэдлээ хэрэгжүүлж, амьдрал ахуйгаа бусдын гар харалгүй аваад явчихдаг болчихвол ардчилал аяндаа бэхжинэ, хөгжинө. Ардчиллыг биежүүлэх зүйл бол эдийн засаг мөн. Иргэдээс хамаарах эрүүл эдийн засаггүйгээр ардчиллын тухай ярих нь хоосон зүйл болно. Тийм учраас иргэдийн эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх, нийгэм дэхь оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр жинхэнэ ажлыг хийдэг төрийн бус байгууллагуудын орон зай үгүйлэгдэж байна.
Монгол нь нийгмийн хувьд тоталитар дэглэмээс ардчилсан тогтоц руу, эдийн засгийн хувьд төвлөрсөн захиргаадлын аж ахуйгаас зах зээлийн чөлөөт эдийн засгийн тогтоц руу давхар шилжилт хийгдэж байгаа улс юм. Сүүлийн арав гаруй жил дарангуйллын дэглэмээс улс төр, нийгмийн ардчилал руу шилжилт хийхийн зэрэгцээ бараг 100 хувь улсын мэдлийн ємч бүхий захиргааны хэмээгдэгч эдийн засгийн бүтцээс зах зээлийн систем рүү шилжилт хийж байгаа орон. Энэ ч утгаараа Монголын шилжилт нь гарааны түвшин, гадаад дотоод орчны шаардлага зэргээсээ болоод хамгийн хүнд бэрх төвөгтэй, хосолмол шилжилтийг гүйцэтгэж байгаа юм. Энэ нь зориудаар хүнд хэцүүг нь сонгож авсандаа бус, ерөөсөө өөрөөр шилжилт хийх бололцоо Монголын хувьд байхгүй юм. Хятад маягийн үзэл суртлаа хадгалаад хийх эдийн засгийн реформ, Казахстан маягийн нэг дэглэмийг нөгөөгөөр солиод эдийн засгийн реформыг түргэтгэх зэрэг арга нь монголчуудын түвшин, боловсрол, зан аягаас гадна гадаад ертөнцийн холбоо хэлхээ, үндэсний аюулгүй байдал зэргээсээ болоод огт бололцоогүй зүйл байсан гэж би хувьдаа дүгнэж байна. Түүнээс гадна тухайн гарааны түвшин нь бусад пост коммунист орнуудтай харьцуулахад хэт сондгой, онцгой муу, жишгээс хэтэрхий хөндий байсан нь нэг мөсөн өөрчлөлт хийхээс өөр аргагүй байдалд хүргэсэн. Хөрөнгө оруулалт, улсын төсвийн 70 гаруй хувийг үзэл суртлын эв санаа нэг байсны шанд гадаадаас зээлээр авдаг, хүн амд оногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ коммунист ертөнцдөө хамгийн бага хүн амтай нь харьцуулахад дэлхийн хамгийн том гадаад өртэй орон байжээ.
Монголд хувийн өмч хягаарлагдаж байгаагүй, харин ч бүр хуулиар тас хориотой байсан нь коммунист ертөнцдөө ч сондгой үзэгдэл байв. Эдийн засгийн зохицуулалтын эрх зүйн акт бараг ганц ч байгаагүй ба энэ нь зөвхөн хэдхэн хүний ам шийдвэр, номенклатурын үзэмжээр явагддаг байсан бололтой. Нэгэнт бүх өмч улсын мэдэлд учир энд менежментийн тухай ойлголт байхгүй. Иймээс хөрөнгө ашиглалтын ашигт үйлийн коэффициент гайхал төрүүлэм бага байлаа. Хорьдугаар зууны турш гадаад ертөнцөөс таслагдсан орон байсны хувьд зах зээлийн тухай анхдагч ойлголт энэ орны хэнд ч байгаагүй ба гадагшаа гарсан монгол үндэстний эмиграцийн тоо хэмжээ тэгтэй тэнцэж байв. Чөлөөт ертөнцөд боловсрол олсон хүн үндсэндээ огт байсангүй. Гадаадад байршуулсан үндсэн хөрөнгө ч байсангүй. ДНБ-д ганц нэг хувь эзэлдэг хатуу валютын худалдаа нь ч олон улсын дүрэм журмаар явагддаггүй байлаа. Үндсэндээ дэлхийгээс тусгаарлагдсан сюрреалист ертөнц байсан юм.
Гэвч өнгөрсөн хорь орчим жилд нийгэм, эдийн засгийн салбарын хийсэн Монголын шилжилт нь хамгийн амжилттай зүйл байсан нь гарцаагүй. Унгар, Польш, Чех зэрэг орнуудад хийгдсэн шилжилт маш амжилттай болсон боловч тэдний гарааны түвшин, гадаад дотоод нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйл нь Төв Азийн Монголынхтой харьцуулах аргагүй өндөр юм. Ийнхүү ерөнхий утгаараа гарч буй энэ их амжилт алдаа эндэгдлээс хөндий байсангүй. Үүнд туршлага мэдлэг дутсан ч тал бий, хүмүүс хоорондын болоод бүлэглэл хоорондын харилцаанаас ч болсон зүйл мундахгүй.
Юутай ч өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголд:
• Нийгэм марксист-ленинист онолоос татгалзаж, ардчилсан үзэл санааг хүлээж авлаа.
• Нийгмийг удирдан чиглүүлэх үүрэг өөртөө ногдуулсан нэг намын тоталитар дарангуйлал дуусч, олон намын тогтцод шилжлээ.
• Нийгмийн гишүүдийг ангиар болон үзэл бодлоор ялгаварлах явдлыг халж, хүний эрх, эрх чөлөөг тунхаглалаа.
• Оюун санааны хүрээнд зарчмын өөрчлөлт гарч, хувь хүний чадамжид түшиглэсэн үнэлэмж буй боллоо.
• Ерөнхийлөгч бүхий парламентын засаглал тогтож, төрийн эрхийг хэн барих нь сонгуулиар шийдэгддэг тогтоцтой боллоо.
• Зөвхөн улсын өмч оршин тогтохыг зөвшөөрдөг байсан системийг халж, өмчийн олон хэлбэрийг тэгш эрхтэй гэж тунхаглалаа.
• Нийгмийн социал хүрээнд хувьсгалт өөрчлөлт гарлаа.
Энэ бүх ололт тэнгэрийн хишиг мэт зүгээр олдсон юм бишээ. 1990 онд Үндсэн хуулин дахь "Социализм руу урагшилна" гэсэн заалтыг хэн хасуулахгүй гэж зүтгэсэн, 1994 онд бүх иргэдэд гадаад паспорт өгөхөд хэн дургүйцсэн, малыг малчдад буцааж өгөхөд ямар хүчин эсэргүүцсэн, арми болон хүчний байгууллагад ажиллагсдыг насны харъяалалгүй болгоно гэхэд эрс эсэргүүцэн цэрэг цагдаагийн байгууллагаар албан ёсоор яван намаасаа гарахгүй байхыг уриалж байсан, 1992 онд Үндсэн хуулинд аль хүчин газар өмчилж болох заалтыг эсэргүүцсэн, 1992-1996 онд аль хүчин өмч хувьчлалыг бүрэн зогсоосон, багш нарын эсэргүүцэл жагсаалын үеэр хэний даалгавраар хүчний байгууллага тагнах чагнах ажиллагаа үйлдсэн, иргэд эвсэлдэн нэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, цуглаан жагсаал хийх хуулинд хэн хязгаарлалт тавьж хууль гаргасан, 1996-2000 онд явагдсан нийгэм-эдийн засгийн реформыг аль хүчин төрийг хүчгүйтүүлэх замаар улдан зогсоосон, нийгмийн ухамсар төлөвшөөгүй дорой түвшин дээр аль хүчин тоглоом тохуу хийн төрийг барьцаалж, мушгин гуйвуулж, гүтгэлэг зохиож, ингэснээр ардчиллын үнэ цэнэт зүйлсийг нийгмийн ухамсарт муу муухай зүйл болгон хapyулах гэж тэмүүлсэн зэргийг ихэнхи хүмүүс мартсан байдаг юм гэхдээ түүх бид хоёр яавч мартахгүй.
Энэ бүхэн эцсийн бүлэгт нийгэмд ардчилсан ёс тогтоох гэсэн шинэ залуу хүчин, үеэ өнгөрөөсөн боловч инерцээрээ үлдэж хоцорсон тоталитар дэглэмийн хуучин руугаа тэмүүлсэн хүч хоёрын хоорондын хатуу тэмцлийн түүх ажээ.
Ардчилсан хүчин төрийн эрх барьж байсан 1996-2000 оны хооронд сөрөг хүчин маш хүчирхэг байсан. Хууль тогтоох байгууллагад шийдвэр гapгуулахгүй байх хэмжээний хүчирхэг байсан тул үүгээрээ түрий барин төрийг хүчгүйдүүлэх замаар үнэн хэрэгтээ нийгмийг жолоодох, сэтгэлгээг залах, төрийн гол шийдвэрийг гаргах эрх мэдэл тэдэнд байлаа. Албан ёсны эрх баригч хүчин нь үнэн чанартаа барьцаанд орчихсон он жилүүд байв.
МАХН төрийн эрх авсан жилдээ нийгмийн дэвшил, ардчиллын эсрэг, олсон ололтыг нь ухраасан олон арга хэмжээ авлаа. Үүнд: " Төрийн бүхий л албан тушаал, ялангуяа шийдвэр гаргах түвшинд зөвхөн өөрийн хүмүүс байх ёстой. Энд улс төрийн найдвартай итгэлтэй байх явдал нь гол болохоос тухайн хүний мэдлэг боловсрол, туршлага бол хоёр, гуравдугаар зэргийн асуудал.
• Өнөөгийн нийгэмд хамгийн их нөлөө үзүүлэх юм бол мэдээллийн хэрэгсэл. Иймээс гол мэдээллийн хэрэгслийг шууд өөрийн гартаа зангидан юу мэдээлэх, юу эс мэдээлэхийг шууд удирдан хөтлөх. Өргөн тархацтай бус мэдээллийн хэрэгслийг байнгын хяналтдаа байлгаж байх.
• Нийгэмд эрх баригчдын хүсээгүй мэдээлэл тарах юм бол түүний уур уурхайг түргэн илчилж, эздийг нь улс төрийн болон эдийн засгийн аргаар боогдуулж хашрааж байх. Дахиж хүсээгүй мэдээлэл тарах нүх сүв бүрийн үргэлж сайн таглаж байх.
• Эрх мэдэл онцгой төвлөрсөн байх ёстой. Төвлөрлийг буй болгох хамгийн сайн арга бол доод шатны гүйцэтгэгч нь эдийн засгийн хувьд төвөөсөө бүрэн хамааралтай байх учиртай. Нэгэнт төвд бүгдэд хүрэлцээтэй хангалттай хөрөнгө хомс учир гүйцэтгэгч түүний нэрийн өмнөөс эдийн засгийн байдлаа сайжруулах бололцоотой байх хэрэгтэй. Гүйцэтгэгч нь аялдан дагагч, үг дуугүй биелүүлэгч, үл эсэргүүцэгч байхаа больж, өөрөөр хэлбэл улс төрийн найдваргүй хүн болж хувирах юм бол хоолноос нь салгах бололцоо Төвд үргэлж байх ёстой.
• Сөрөг хүчин болоод цөөнхийг нийгэмд байр суурьгүй болгох. Үүнд хамгийн шалгарсан арга бол персончлон тодорхой эздийг барьж авч түүнд тохируулсан гүтгэлэг доромжлолыг дэгдээн, олон нийтээр жигшүүлэх байнгын ажиллагаа зохиох.
• Цөөнхийг дэмжсэн аливаа үйлдлийг таслан зогсоож, тодорхой хэсэг хүмүүс дээр хашраах арга хэмжээ аван нийтэд сургамж болгох. Цөөнхийг эдийн засгийн хувьд сулруулах нь тэргүүн зэргийн зорилго, иймээс тэдэнд талтай ханддаг, эдийн засгийн сурвалжуудыг хавчин боох, ялгаварлан гадуурхах зэрэг улс төрийн аргаар тэмцэн доройтуулах.
• Нийгэмд айдас хүйдэс үүсгэх. Улс төрийн аливаа найдваргүй хүн хавчин гадуурхагдах нь аргагүй юм гэсэн ойлголтыг зугуу үйл ажиллагаагаараа нийтэд ойлгуулах.
• Эрх баригчдыг дэмжих, хамтран ажиллаж байгаа тохиолдолд алив хуулийг зөрчвөл өршөөгдөнө, эс дэмжигчид хууль зөрчөөгүй ч зөрчсөн хэрэгт орж болно гэсэн ойлголтыг олон түмэнд төрүүлэх, үүнийг тодорхой үйлдэл факт дээр үзэж харсаар байтал нь илэрхий хийж, олон түмэнд далд ойлголт буй болгох.
• Хамгийн бүтэлгүй азгүй алхмаа ч олон түмэнд сүр дуулиантайгаар ялалт амжилт мэтээр сурталчлах. Иймээс суртал нэвтрүүлэгт мөнгө хөрөнгийг үл хайрлах. Болохгүй бүтэхгүй юм болгоныг Ардчилсан хүчин, цөөнх, сөрөг хүчин, нээлттэй нийгэм, ардчилсан тогтоц руу тохож, ингэснээр үзэл бодлын цөөнх нийгэмд оршин байх нь хөгжил дэвшлийн чөдөр тушаа, эмх замбараагүй байдлын эх сурвалж, ядуурал гуйранчлалын цаад учир шалтгаан гэсэн ойлголтыг буй болгох. Цөөнхөд хамаарч байгаа л бол эрт балрын өнгөрсөн алдаа дутагдлыг нь дөвийлгөн, шүүх цагдаа болон хүчний байгууллага, шүүхээр шийдвэрлүүлэн өргөн олныг хамарсан жигшүүлэх ажиллагаа зохион суртал нэвтрүүлэг явуулах. Ямар ч өртгөөр хамаагүй хийгдэж байгаа ялалт дэвшил цэцэглэлийн тухай хуурамч ч бай суртал нэвтрүүлэг нь төрийн эрхийг цаашид сонгуулиар барин, сонгуульчлагдсан дарангуйллыг хэвээр хадгалах үндсэн нөхцлийг хангах тул эргээд өртгөө бүрэн нөхнө.
• Сонгуульд ялах үндсэн нөхцөл бол эдийн засгийн чадамж. Иймээс эрх барьж буй бололцоотой үедээ намын эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх. Нам өөрийн хүчирхэг хөрөнгөтэй байгаад зогсохгүй санхүүгийн хувьд ирээдүйд дэмжлэг үзүүлэх хувь хүмүүс, пүүс компанид хууль бусаар хөрөнгөжих бололцоог аль болох түлхүү олгох.
• Олон түмнийг мөнхийн горьдлогод барих. Олон жилийг хамарсан үл гүйцэтгэх төлөвлөгөө, төсөл, зорилт байнга дэвшүүлэн, түрүүнийх нь мартагдахад дараагийнх нь гаргаж ирэн итгэл найдвар түрүүлэх.
• Баяр наадам, парад ёслолд дуртай иймэрхүү зүйлд автамтгай монгол хүний сэтгэл зүй онцлогийг түшиглэж аливаа oй, ёслол, наадам цэнгээнийг өргөтгөн дуу шуугиантай үйлдэх. Дэвжин дэгдэж байгаа тухай болон горьдлого найдвар төрүүлэх суртал нэвтрүүлгээ үүнтэй нягт уялдуулан хамтатгах.
• Худал хэлэх, худал амлах, баримжаагүй гөрдөх, гүтгэн доромжлох, шамшигдуулан идэх, ялгаварлан гадуурхах зэрэг жирийн хүнд байдаг моралийн хэмжүүрийг эс тоох. 3орилго нь apгaa зөвтгөнө гэдэг философид тулгуурлах.
• Шинэчлэгдэн өөрчлөгдөх, ардчиллан хүмүүжиж байгаа дүрийг байнга эсгэх. Ялангуяа энэ талын суртал нэвтрүүлгийг гадаад ертөнц рүү хүчтэй хийх. Ардчилсан хүчин, ардчилал хоёрыг хүчтай зааглан ялгах. Залуу үед МАХН ардчиллыг санаачилсан гэсэн үүх түүх зохиомж өгөх.
• Нийгмийн жолоодлогыг олигархжуулах.
Энэ бүхэн ердийн хүчин сэтгэлгээнийх нь инерц төдийгүй дахин Засгийн эрхээ алдахгүй байхын тулд авч хэрэгжүүлсэн ухамсартай алхам нь байсан юм.
Өөр сүрхий өсөж байгаа юм гэвэл гэмт хэрэг, түүний дотор төрлөөр устгах гэх мэтийн цоо шинэ хүнд гэмт хэргүүд, ядуурал гуйранчлал, гадаад өр, экологийн сүйрэл, хуульчлагдсан авлига гэх мэт. Ардчилал бол духан дээрээ наагаад Вашингтон руу байн байн гүйдэг ухуулах хуудас биш, нийгэмд төлөвшин тогтдог үргэлжлэх процесс, Ардчилал бол хүнээс мөнгө цаас гуйх эрхийн бичиг биш, нийгмийг төвөгтэй хэцүү боловч, бат бэх аз жаргал руу хөтлөх үйл явц. Ардчилал бол хоорондоо булаацалддаг нэр төр биш, иргэн бүрийн нийгмийн өмнө хүлээсэн ухамсартай хариуцлага. Эцэст нь хэлэхэд чөлөөт нийгмийн үндсэн зарчимуудад нийцсэн иргэний нийгэм, жинхэнэ ардчилсан нийгмийг бий болгоход хүн бүрийн оролцоо маш чухал билээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment